Япон улсаас БНСУ-д суух Элчин сайд Ясумаса Нагаминэ, Ерөнхий консул Ясухиро Моримото нар түр хугацаагаар Өмнөд Солонгосыг орхин гарч Токиод ирээд байна. Өмнөд Солонгосын Пусан хотод байрлах Японы ЭСЯ-ны Ерөнхий консулын газрын чанх урд “зугаацуулагч эмэгтэй”-н хөшөөг суурилуулснаас үүдэн Япон-Өмнөд Солонгосын хоорондын дипломат харилцаанд таагүй уур амьсгал үүсээд байгаа.
Хөшөөг өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр суурилуулжээ. “Зугаацуулагч эмэгтэй” гэдэг бол энэ хоёр улсын хоорондох таагүй сэдвийн нэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр солонгос эмэгтэйчүүдийг Японы Квантуны армийн цэргүүдийн бэлгийн хүслийг хангах зорилгоор ашиглаж байсан гунигт түүхтэй. Хоёр улс удаан хэлэлцсэний эцэст эдгээр эмэгтэйчүүдэд нөхөн олговор болгон нэг тэрбум иен буюу 8,6 сая ам.доллар олгох хэлэлцээрийг байгуулсан юм. Энэ хэлэлцээрийн нэг жилийн ойд зориулан уг хөшөөг суурилуулсан.
Харин Японы тал хөшөөг зайлуулах хүсэлт тавьсан ч Өмнөд Солонгосын тал татгалзсаны хариу болгон Элчин сайд, Ерөнхий Консул хоёр тус улсын нутгаас өнгөрсөн Баасан гаригт түр гарч явчээ. Гэхдээ “зохих хүмүүстэй зөвшилцөх шаардлагатай учраас” гэсэн албан тайлбарыг тэд хийсэн байна.
Японы талаас Өмнөд Солонгостой хийх иенийн своп хэлэлцээрээ зогсоохоо энэ өдрүүдэд мэдэгдсэнээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар төлөвлөгдөөд байсан өндөр албан тушаалтнуудын уулзалтаа цуцлахаа дипломат шугамаар бас мэдэгджээ.
“Зугаацуулагч эмэгтэй”-н үүргийг зөвхөн солонгосчууд биш Зүүн Өмнө Азийн орнуудын эмэгтэйчүүд гүйцэтгэж байсан юм.
Бэлтгэсэн А.ШАРАВ