Бөхөнгийн тоо 400 гаруйгаар хорогдоод байна

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Бөхөнгийн тоо 400 гаруйгаар хорогдоод байна

Монгол бөхөн гөрөөс монголын Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумын нутагт тархан амьдардаг. Гэвч тус аймгуудад тархан амьдардаг бөхөнгийн тоо толгой бог малын мялзан төст өвчний улмаас 400 гаруйгаар хорогдоод байна.

Уг нь энэ амьтан хууль бус агнуурын золиос болохын зэрэгцээ, байгаль цаг уурын зохисгүй хүчин зүйлээс шалтгаалан устах аюулд ороод байсан ч өнгөрсөн жилүүдэд тоо толгой нь өсч, 13.800-д хүрсэн мэдээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн судлаачид дуулгаад байсан юм.

Өнгөрсөн намар наймдугаар сард Ховд аймгийн Булган сумд бог малын мялзан өвчиний халдвар гарсны улмаас ийнхүү зэрлэг амьтдад халдварлаж, олноор устахад хүргээд байна. Зэрлэг ан амьтан малын халдварт өвчнөөс болж олноор хорогдож байгаа анхны тохиолдол гэдгийг албаныхан хэлж байв.

Говь-Алтай аймгийн Хөх морьт сумаас Ховд аймгийн Дарви сумын нутаг орчимд 100 гаруй бөхөн үхжээ. Мөн тус аймгийн Баян-Уул сумаас Ховдын Дарви сумын нутаг орчимд 30 гаруй монгол бөхөн үхсэн байна.

Говь-Алтай аймагт бог малын мялзан өвчний улмаас нийт 200 гаруй бөхөн үхсэн бол Ховд аймгийн нутагт өвчний улмаас үхсэн бөхөнгийн албан бус тоогоор 500-д хүрч байгаа талаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтэсийн дарга Ш.Ган-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.

Үүссэн нөхцөл байдалд арга хэмжээ авч ажиллахаар холбогдох байгууллагын ажлын хоёр хэсэг ажиллаж байна. Мөн Говь-Алтай аймгийн сумдаас дөрвөн ажлын хэсэг гарч, нийт 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр голомтод халваргүйжүүлэлт, ариутгал хийж байгаа аж. Мөн тус аймгийн малчид бэлчээр, газартаа ариутгалыг сайн хийж, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг албаныхан сэрэмжлүүлж байна.

Манай улсын хэмжээнд 1930 оноос монгол бөхөнг агнахыг хуулиар хориглосон, дархан цаазтай амьтан. “Улаан ном”-нд орсон, нэн ховор ангилалттай энэ амьтан малд хортой баглуур хэмээх шүүслэг ургамлыг идэж, тэлэлт тархалтыг нь барьж байдаг зэрэг байгаль, экологид ач холбогдолтой амьтан ажээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж