
АНУ-ын төсвийн зарлага 1990-ээд оны эцсээс хойш тасралтгүй нэмэгдсээр ирсэн. Гэхдээ интернэтийн технологийн шинэчлэл, татварын орлого зэргээс хамаараад эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа зэрэг нь үүнд нөлөөлсөн гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш нарын засаг захиргааны үед тус улсын төсвийн алдагдал огцом өсчээ.
Тухайн үед тэд алдагдлыг бууруулахын тулд татвараа нэмэх, зардлаа танахаар болж байсан ч хүссэн үр дүндээ хүрээгүй юм. Ж.Буш Ерөнхийлөгч байх үедээ улсын төсөвт их мөнгө төвлөрөхийн хэрээр түүнийг дураар нь зарцуулж байгаагаас төсвийн алдагдал ихэссэнийг хүлээн зөвшөөрч байв. Тэрбээр энэ байдлыг арилгаж, татвар төлөгчдөд мөнгийг нь эргүүлэн өгөх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байжээ. Тиймээс татварын хөнгөлөлттэй холбоотой хуулийг баталсан юм. Гэвч энэ нь баячуудад хөрөнгөө хадгалж үлдэх боломжийг олгож, харин дунд орлоготнуудад хамгийн хүнд тусчээ. Түүнчлэн “Есдүгээр сарын 11”-ний халдлага болсны дараа Ж.Бушийн засаг захиргаа терроризмын эсрэг тэмцэхэд бүх хүчээ дайчлан ажиллахаар болсон нь АНУ-ын төсвийн хөрөнгийг Ирак, Афганистан дахь цэргийн ажиллагаа руу урсахад хүргэсэн юм.
Гэхдээ улс төрийн үзэл баримтлалын хувьд ялгаатай Ж.Буш, Б.Обама нарын эдийн засгийн бодлогод төстэй зүйл олон байгаа тухай “Wall Street Journal”-д онцолжээ. Тэд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа маш их хэмжээний хөрөнгийг дайны үйл ажиллагаанд зориулж зарцуулсан. Ж.Бушийн үед идэвхжсэн Афганистан, Ирак дахь цэргийн ажиллагааг дуусгавар болгохын тулд Б.Обама Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаагаа бүхэлд нь зориулж, дараагийн сонгууль болохын өмнөхөн дуусгахаар зэхэж байгаа. Б.Обамагийн хувьд Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Паул Волкерийн санхүүгийн зөвлөхөө болгосон. Тэрбээр Сангийн яамны бондыг худалдан авахын тулд 600 тэрбум ам.доллараар төсвөө тэлсэн. Санхүүгийн хямралын дараа 2009 онд дампуурах шахсан банкуудаа аврахын тулд 787 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Үүнээс болж АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн мөн оныхоо гуравдугаар улиралд нэлээд өссөн юм. Харин өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй холбоотойгоор нэмэлт төсөв баталсан. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагууд, томоохон хөгжлийн сангуудын ажлыг тогтворжуулахын тулд нэлээд хөрөнгө хаяжээ. Энэ бүхэн нь АНУ-ын төсвийн алдагдал ихсэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байна.
Харин Ж.Буш 2001 онд иргэддээ татварын хөнгөлөлт эдлүүлэхээр болж, үүнд зориулж 1.8 их наяд ам.доллар зарцуулсан. “Есдүгээр сарын 11”-ний халдлагын дараа Ирак, Афганистан дахь цэргийн ажиллагаанд зориулж 1.4 их наяд ам.доллар зарлагадсан. Мөн 2005 онд болсон хүчтэй хар шуурганы улмаас учирсан хохирлыг арилгахын тулд томоохон ажил өрнүүлж байв. Тухайн үед хохирлын хэмжээ 200 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс болж АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2005 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.5 хувиар буурсан байна. Ерөнхийдөө Ж.Бушийн засаг захиргааны үйл ажиллагаа 5.07 их наяд ам.долларын өртөгтэй байсан бол Б.Обамагийнх 1.44 их наяд ам.доллар болсон байна. Ж.Бушийн засаг захиргаа халаагаа өгөхийн өмнөхөн дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал эхэлсэн. Гэвч энэ тухай тэрбээр огт дурьдаагүй бөгөөд АНУ-ын Конгрессоос хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогоос энэ бүх зүйл хамаарсан гэх дүгнэлт хийж байсан юм. Ж.Бушийн засаг захиргаа 2009 онд 500 сая ам.долларын алдагдалтай төсөв баталж байсан. Тухайн үед тэрбээр эдийн засгаа дэмжих зорилгоор зах зээл рүү гаргаж буй ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлж байв. Санхүүгийн хямралын жилүүдэд хүнд байдалд орсон компани, нэгжүүдийн үйл ажиллагааг тогтворжуулахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр арга байгаагүй гэдгийг зарим шинжээч онцолдог. Ямартай ч Ж.Буш АНУ-ын төсөвт маш том цоорхой гаргаж, түүнийгээ Б.Обамад хүлээлгэн өгчээ.
АНУ-ын төсвийн алдагдал ихэсч, өр нэмэгдсэн нь эдийн засагт нь хэрхэн нөлөөлж байгаа тухай шинжээчид янз бүрийн тайлбар гаргадаг. Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын Сангийн яамны бондыг худалдан авах сонирхол нь буурч эхэлнэ. Энэ нь ам.долларын ханшид нөлөөлөх юм. Нэг талаас ам.доллараар нэрлэсэн бондын эрэлт буурч, нөгөө талаас зах зээл дэх ам.долларын нийлүүлэлт ихссэнээр тус валютын ханш нь суларч эхэлнэ. Харин ам.долларын ханшийн уналтаас болж АНУ-ын компаниудын бараа, бүтээгдэхүүний борлуулалт буурна. Үйлдвэрлэсэн зүйлээ худалдаж чадахгүй бол түүнээс олох ашиг нь ч багасна гэсэн үг. Нэгэнтээ ашиг багатай ажиллаж эхэлсэн компаниуд ажилчдаа цомхотгох, үгүй ядахад шинээр ажилчин авахаас татгалзах зэргээр жирийн америкчуудын амьдралд нөлөөлөх юм. АНУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг ажиглаж үзвэл дээрх таамаг хэдийнэ бодитой болоод эхэлчихжээ. АНУ-д ажилгүйдлийн түвшин сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр үзүүлэлтэй гарсан. Б.Обама үүнийг бууруулахын тулд дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж, шинэ ажлын байр бий болгохыг зорьж байгаа боловч энэ нь олигтой үр дүнд хүрэхгүй байгаагийн шалтгаан нь макро эдийн засгийн бодлоготой нь холбоотой гэдгийг ажиглагчид онцолсоор байна.
"Улс төрийн тойм" сонин