Адольф Гитлерийн “Миний тэмцэл” бестселлер болжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.10-нд нийтлэгдсэн

Адольф Гитлерийн “Миний тэмцэл” бестселлер болжээ

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хэвлэхийг хориглоод байсан Адольф Гитлерийн "Миний тэмцэл" (Mein Kampf) номыг өнгөрсөн жил Германд хэвлэсэн. Германы Мюнхен хотын Орчин цагийн түүхийн хүрээлэнгээс эмхлэн хэвлүүлсэн энэ ном 2016 оны хамгийн их борлуулалттай номын нэг болсоныг Германы Tagesspiegel сонин мэдээлжээ.

Ном өнгөрсөн жилийн нэгдүгээр сард худалдаанд гарсанаас хойш 85 мянган ширхэг хувь борлогджээ. Номыг эмхлэн гаргагчид эхнээсээ 4000 хувь хэвлэхээр төлөвлөсөн ч нэгдүгээр сардаа гэхэд 6000 ширхэг борлогджээ. Уншигчдийн эрэлт их байснаас дахин хэвлэжээ.

Орчин цагийн түүхийн хүрээлэнгийн ажилтан Виршингийн хэлснээр одоо уг номын франц хэл дээрх орчуулгыг бэлдэж байгаа юм байна. Гэхдээ үгчилсэн орчуулга биш арай товчилсон хувилбар байх ажээ. Нийтдээ 70 орчим хэл рүү орчуулан хэвлэх хүсэлт ирсэн бөгөөд хүрээлэнгийнхээ хүчин чадал, мөн уншигчдийн хэлний боловсролыг харгалзан үзээд англи, франц хэл рүү орчуулга хийнэ хэмээн Виршинг хэлжээ.

Адольф Гитлер “Миний тэмцэл” /”Mein Kampf”/ номоо 1924 онд бичсэн бөгөөд энэ ном нь Гитлерийн гол номлол болох үндэсний социалист үзлийнх нь тулгуур баримт бичиг гэж үздэг. Гитлерийг амьд сэрүүн үед энэ номыг хэдэн сая хувиар хэвлэн түгээж байсан билээ. 1945 он хүртэл уг номыг 18 орны хэл рүү орчуулан нийтдээ 12 сая ширхэг хэвлэжээ.

Бэлтгэсэн А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж