Гэр бүлийн бизнесээ удирдан залдаг аргаараа Цагаан ордны үйл хэргийг явуулахгүй байхыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрийн залгамжлагч Дональд Трампад зөвлөсөн гэнэ. ABC News-т өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч “Ноён Трамп АНУ-ын төрийн институтыг хүндлэх ёстой” хэмээгээд, “Тангараг өргөсний дараагаар дэлхий дээрх хамгийн том байгууллагыг удирдах ёстой болно. Тиймээс хүчирхэг баг бүрдүүлэх хэрэгтэй” гэдгийг Трампад хаяглан хэлсэн байна.
Мөн тэрбээр ерөнхийлөгчид сонгогдохын тулд кампанит ажил явуулах, сонгогдсоны дараа төрийн эрх барих гэдэг огт өөр асуудал гэдгийг хэлээд, “Дэлхийн улс орнууд, санхүүгийн зах зээл гээд дэлхийн нийтээрээ түүний (Трамп) хэлж ярьж байгааг анхааралтай ажиглаж байгаа” гэжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр Дональд Трамп Boeing 747 Air Force One нисэх онгоц хэтэрхий үнэтэй байгааг шүүмжилж, түүнийгээ твиттерээр бичсэн юм. Гэтэл тэр өдөр нь АНУ-ын нисэх хүчний үйлдвэрлэгч Lockheed Martin болон Boeing компанийн хувьцааны ханш унасан юм. Богино хугацааны уналт байсан ч ирээдүйн ерөнхийлөгчийн ганцхан жиргээ хөрөнгийн зах зээлд ямар нөлөөтэй болохыг харуулсан хэрэг болсон билээ.
Мөн саяхан Трамп Японы авто үйлдвэрлэгч Toyota компанийн Мексикт үйлдвэр барих асуудлыг шүүмжилж, гаалийн өндөр татвар ногдуулна гэж жиргэсний дараа Токиогийн хөрөнгийн бирж дээрх Toyota-гийн хувьцааны үнэ мөн буурсан юм.
С.ЦЭЛМЭГ