Москва палестинчуудыг эвлэрүүлэх уулзалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

Москва палестинчуудыг эвлэрүүлэх уулзалт зохион байгуулна

Палестины улс төрийн гол хүчнүүд болох Фатах, Хамас болон палестинчуудын хооронд эвлэрэл бий болгох зорилготой бусад фракцуудын оролцоотой уулзалтыг нэгдүгээр сарын 15-нд Москва хотод зохион байгуулахаар болжээ. Энэ тухай Палестиныг чөлөөлөх байгууллагын гүйцэтгэх хорооны гишүүн Васел Абу Юсефийн хэлснийг Израилийн өдөр тутмын “Jerusalem Post” сонин мэдээлсэн байна.

“Оросын тал нэгдүгээр сарын дундуур уулзалт зохион байгуулна. Фатах, Хамас болон Палестины бусад албаны төлөөлөл оролцох энэ уулзалтаар эв нэгдлийг хангах тухай асуудлыг хэлэлцэнэ” гэж Юсеф хэлжээ. Уулзалтын тов нь Парист болох олон улсын энх тайвны хуралтай давхцаж буй аж. Тиймээс Палестины удирдлагууд Москвагийн уулзалт болон Парист болох хурлаар дамжуулж Палестинд энх тайвныг тогтоох зорилготой гэдгээ харуулахыг зорьж байгаа гэнэ.

Анх 2011 оны тавдугаар сард Фатах болон Хамас тэргүүтэй Паленстины гол хүчнүүдийг эвлэрүүлэх зорилготой хаалттай уулзалт Москвагийн ойролцоо болж байсан юм. Фатах болон Хамас мэргэжлийн засгийн газар байгуулахаар Каирт гарын үсэг зурсны дараа Палестины улс төрийн хөдөлгөөнүүдийн гол төлөөлөгчид ОХУ-д очиж байжээ.

Палестинд 2006 онд явуулсан парламентийн сонгуулиар Хамас ялсны дараа тус улсын улс төрийн гол хүчнүүд болох Фатах, Хамасын хооронд хагарал бий болсон юм. 2007 оны зургадугаар сард Хамас Газын зурваст хяналтаа тогтоож, улмаар Палестин хоёр хуваагджээ. Фатах Баруун эрэгт, харин Хамас Газын зурваст хяналтаа тогтоосон билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж