С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын тоглоомын дүрэм бэлэн үү

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын тоглоомын дүрэм бэлэн үү

УИХ-ын 2012 оны сонгууль эхлэхэд нэг жил ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Гэвч ирэх сонгуульд нэр дэвшихийг хүсэмжлэгчид Сонгуулийн тухай хуулийг хэрхэн шинэчлэхийг хүлээж байна. Харин зарим нь сонгуулийн кампанит ажлаа албан бусаар эхэлж, хот, хөдөөд сурталчилгаагаа сэм хийж эхэлжээ. МАХН ба Ардчилсан нам. Парламент дахь хүчний харьцааг улс төрийн хоёр том нам ийнхүү тодорхойлсоор ирсэн. Тэгвэл өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлт” явагдаж байна. Эрх баригч хүчнийхэн ууган нэрээ сэргээж, Ардын нам болгосон. Өөрсдийгөө “Хүчтэй сөрөг хүчин” хэмээн тунхагладаг Ардчилсан намынхан тус намд дагаар ороод даруй гурван жил өнгөрчээ. Сонгуулийн тогтолцооны тухайд, улстөрчид тоон дээр санал зөрөлдөж байгаа ч холимог хувилбарыг аль, аль нь дэмжиж байгаа. Үүн лүгээ адил намууд УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш холимог тоглолт хийсээр байгаа нь ч нууц биш. Учир нь Ардын нам болон Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газар хэмээх нэгэн “дээвэр” доор багтсан. Иргэний зориг, Ногоон намынхан ч тэднээс дутах юу байх вэ. Хоёр намын нэгдлийг тэд “Нэгдсэн нам” гэх хоёрхон үгээр томъёолсон удаатай. Харамсалтай нь Улсын дээд шүүх Иргэний зориг-Ногоон нам гэдэг “эрлийз” намыг бүртгэхээс татгалзсан билээ.                 

МАХН ба Үндэсний шинэ нам. Товчхондоо, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын эрх ашгийг илэрхийлэгч гол зэвсэг нь. Экс Ерөнхийлөгч МАХН хэмээх бие даасан хүчнийг тэргүүлж байгаа гэх ч түүнтэй Үндэсний шинэ нам, иргэний хөдөлгөөнүүд хүч хавсарч байгаа нь нэгэнт тодорхой болчихсон зүйл. Гэвч хүссэн ч, эс хүссэн ч улс төрийн намууд ирэх жил байр, байрандаа очицгоож, өөд, өөдөөсөө “чулуу” шидэцгээх нь тодорхой. Харин намуудын дарга нарын тоглоомын дүрэм бэлэн үү. Үүнийг хамтдаа тандацгаая.

С.Батболд. Тухайн үеийн МАХН-ын дарга асан С.Баяр түүнд “Монголын улс төрийн хамгийн том хүчин” хэмээх томоохон экипажийг удирдах эрхээ шилжүүлсэн. УИХ-д олонхи, бас өөрийн гэсэн бодлоготой, 160 мянга гаруй гишүүнтэй намын хувь заяаг дипломатч имижтэй энэ эрхэмд даатгасан гэхэд ч болно. Тиймээс тэрбээр намын дар­га, Ерөнхий сайдын  сэнтийд заларс­наасаа хойш ямагт олны хүчээр фон хийсээр ирсэн. Гэвч цаг үе түүнээс хүчирхэг лидер байхыг шаардаж байна. Хүчтэй, зангарагтай үгсийг ч олон нийт хүлээсээр удав. Харамсалтай нь мань эр сулхан дуутай, бүдэгхэн имижтэй байсаар хоёр оныг үдлээ. Ардын намын дарга, Ерөнхий сайд хэмээх тодотголыг эс тооцвол шүү дээ. Урьд өмнө нь улс төрийн “хөшиг”-ний араар асуудлыг зохицуулдаг байснаас бус удирдаачийн үүрэг гүйцэтгэж үзээгүй учраас арга ч үгүй биз. Сөргөлдөгч талуудынхаа эсрэг зоримог тоглолт хийж чадахгүй тул С.Батболд зөвшилцлөөр халхавч хийдэг нь ч нууц биш. Тиймээс Ардын намынхан Ардчилсан намынхантай сонгуулийн тогтолцооны талаар зөвшилцөхөөр хэлэлцээрийн ширээнд суусан нь саяхан. Зүүн төвийн үзэл баримтлалтай намын дарга С.Батболд ирэх сонгуульд хоёр “Толгой”-г барьж орох нь тодорхой. С.Баярын бичсэн “роман”-ыг үргэлжлүүлэгч энэ эрхмийн тухайд, намдаа ч, өөртөө ч ахиухан оноо цуглуулах боломж бол яах аргагүй Оюутолгой, Тавантолгой. Түүний мэдэгдсэнээр, Тавантолгойн эзэн нь ард түмэн юм бол тэрхүү ордоос ард иргэдэд хувь хүртээж, амлалтаа биелүүлэгч нь Ардын нам байх нь тоглоомын дүрэмд тусгагдсан. Гэхдээ С.Батболдыг хувь улстөрчийнх нь хувьд А-Я хүртэл дүгнэхэд арай эрт байна. Товчхондоо, бүх зүйл ирэх саруудад, бас 2012 онд тодорхой харагдана. “Нас гэдэг бол зөвхөн тоо” гэдэгчлэн намын рейтингийг харуулсан хэдэн тоо ч бас цаасан дээр л бичээстэй байдаг билээ. Амьдрал дээр яаж ч өөрчлөгдөж болно шүү дээ.

Н.Алтанхуяг. UBS. Улс төрийн тавцнаа хамгийн хүчирхэг нь байсан энэхүү фракцийн талаар өдгөө нэг их ярихаа больжээ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хувьд UBS-ийн нэгэн төлөөлөл. “Увсынхан” гэдгээрээ одоо ч элгэмсэж явдаг тус фракцийн гишүүд өөр, өөр намынх. Н.Алтанхуяг өнөөдөр Ардчилсан намын дарга ч өчигдөрхөн Социал демократ намын төлөөлөл байсан. Тиймээс ч түүнийг намынхан нь соцдек, бас “Алтангадас” фракцийнх гэдэг. Тийм ээ, тэрбээр Ардчилсан намын даргын албанд азаар дэвшсэн. Учир нь “Алтангадас”-ынхан 2008 онд тус намд хүчирхэгжиж, С.Баярын багийнхантай тохиролцон хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан билээ. Ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн тэдэнд нам сонин биш болов. Ардчилсан намынхны дуу хоолой суларч, “Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг” гэх хаяг л цоожтой хаалган дээр бичээстэй байх боллоо. Угтаа  тус нам эрх баригчидтай тохиролцож, зөвшилцөж, эвсч, хамтарч үзээгүй биш үзсэн. Бүр ханаж, хаширтлаа үзсэн. Гэвч тэд нэрээ, бас бодлогоо алдаж байгаагүй юм. Харин Н.Алтанхуягийн үед энэ бүхэн тохиолоо. Ардчилсан намынхны итгэл үнэмшил, үнэт зүйлс, бас ирээдүй “Хамтарсан Засгийн газар” хэмээх том хаяг бүхий халаасны жижигхэн өрөөгөөр л хэмжигдэх болов. Жирийн гишүүнийх нь хэлсэнчлэн ёстой л “Үхчихсэн” улс төрийн хүчин болон хувирах нь тэр. Хаана байна вэ, 2008 онд амласан “Эрдэнийн хувь” чинь… Ирэх сонгуулийн үеэр иргэд Н.Алтанхуягаас ийн асуух нь тодорхой. “Аан, та Ардын намын “Халаасны өрөө”-г хөлсөлж байсан билүү. Хэдэн төгрөгөөр хөлсөлсөн бэ” гэх мэт эцэс төгсгөлгүй олон асуултад ээрэгдэх нь ч гарцаагүй. Харин тэрбээр яг одоо дээрх асуултуудын хариултыг зэхэж байгаа болов уу. Хамтарсан Засгийн газрын хийсэн бүхэн Ардын намынхны ач, гавьяа болон хувирахыг тооцоолж сууна уу. Хамгийн сонирхолтой нь фракциудын ашиг сонирхолд идэгдсэн Ардчилсан намаа аврах чадвар түүнд бий юү. Түүний хувьд, өмнөх сонгуулиудын үеэр намаа удирдаж байгаагүй. Тиймээс ирэх сонгуулийн үеэр чухам хэний хүү болохоо харуулах биз. Яг л С.Батболд шиг.   

Н.Энхбаяр. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэгчээр экс Ерөнхийлөгч Ардын нам болон Ардчилсан намынхны үйл хөдлөлийг алсаас биш, алган дээрээ харж суугаа. Тэрбээр ирэх сонгуулийн үеэр нохой зодооны тактик хэрэглэх нь гарцаагүй. Учир нь нохой зодооныг зохион байгуулагчид нохдыг өлсгөж байгаад бие биентэй нь тулалдуулдаг. Хэрэв Н.Энхбаяр УИХ-ын 2012 оны сонгуулиас урьтаж, Ардын намынхантай тохиролцож чадахгүй бол ийм л арга хэрэглэнэ. Жижиг намууд болон иргэний хөдөлгөөнийхнийг эрх баригч хүчний эсрэг турхирч, тэдний анхаарлыг саринуулна. МАНАН-ын төөрөгдөл гэгч томъёоллоор улстөрчдийг “мансууруулж” байгаад томоохон ашиг унагахыг хичээх биз. Мэдээж хэрэг, түүнтэй Үндэсний шинэ намынхан хүч хавсарна. Олон нийтийн анхаарлыг МАХН хэмээх дөрвөн үсэг рүү татаж, Ардын намынхныг чадах нь ч эргэлзээгүй. Гэхдээ түүний хувьд, МАХН-д Н.Удвал, Үндэсний шинэ намд М.Энхсайханаас өөр нүдэнд харагдах тулах хүч одоохондоо алга. Элдэв “набор”-уудыг эс тооцвол шүү. Тиймээс ирэх намар бусадтай хамжиж, холимог тоглолт хийхгүй бол ирээдүй нь тун бүрхэг болчихоод байгаа. Ардын намынхантай арцалдаж байгаад Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нарыг ч өөрөөсөө холдуулчихлаа. Ямартай ч тэрбээр Алтай таван богд өөд авирахдаа улс төрийн өөр тактик төлөвлөсөн биз. Гэвч нэгэн цагт Монголын хамгийн том намын дарга явсан түүнийг жижиг хүчний удирдагчийн дүрээр сонгогчид 2012 онд хэрхэн угтах нь сонирхол татна. Экс Ерөнхийлөгч 2008 оны долдугаар сарын 1-нд онц байдал зарлаж байсан. Харин ирэх жилийн яг тэр мөчид тийм нөхцөл байдлыг мань эр өөрөө бүрдүүлчихсэн явбал яана. “Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авна”. Энэ үгийг Н.Энхбаяр хэлсэн удаатай. Харин яаж вэ гэдэг нь экс Ерөнхийлөгчийн тоглоомын дүрмээс шалтгаална.

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж