Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

Өвөлд менежмэнт хийе

Улаанбаатар хотын утаанаас дайжсан иргэд амралтын өдөр агаарт хүүхдүүдээ гаргаж, уул ус, байгальтай ойр байхыг хүсдэг. Богд уул, Цэцээ гүнд аялагчдын тоо хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад илт нэмэгдсэн нь сайн хэрэг. Залуус амралтын өдрийг гэртээ гиюүрч хэвтэхэд биш ууланд аялж, цанаар гулгаж, экстрем амрахыг эрмэлздэг болсон нь бүр ч сайн. Ганц гэм нь Улаанбаатар хотын өвлийн амралт, аялал жуулчлал, өвлийн менежмент дулимаг хэвээрээ.

Сая гаруй хүн амтай Улаанбаатар хот “Скай ресорт”, “УБ ресорт” гэсэн хоёр л цанын баазтай. “Скай ресорт” руу цана, чарга, сноубордоор гулгах гэсэн залуус өдөр, шөнийн хэдийд ч очиж болдог. Өвөл очиж алжаал тайлдаг ганц гайгүй үйлчилгээтэй газар. Гэхдээ бараг хөгжүүлэлт хийж, сервисээ нэмэгдүүлээгүй.

“УБ ресорт” цанын баазыг энэ жил ашиглалтад оруулсан. Аль аль нь амралтын өдрүүдэд олны хөлд дарагдаж өнждөг. Гэхдээ Хүй долоон худагт байгуулагдсан “УБ ресорт” хараахан үйл ажиллагаа нь жигдрээгүй байгаа бололтой. Дөрвөн дугуйтай мотоцикль, морин чаргаар үйлчилдэг ч үүнийгээ зөвхөн амралтын өдрүүдэд ажиллуулдаг. Боловсон бие засах газаргүй. Энэ мэт тохь тухгүй, үйл ажиллагааны доголдолтой байдлаас нь болоод зорьж очих хүмүүс харьцангуй цөөн.

Улаанбаатар,

Энэ хоёр цанын бааз уг нь өвлийн гуравхан сард өдөр бүр биш юмаа гэхэд долоо хоногт ганц сонирхолтой эвент зохион байгуулдаг болчихвол үйлчлүүлэгч татах өргөн боломжтой.

“Морин чарганы өдөр”, “Тэшүүрийн өдөрлөг”, “Мөсөн шагайн наадгай” хийх зэрэг наад захын боломжууд бий. Морьтой чаргаа хоёр, гуравхан биш 20, 30 болгох хэрэгтэй. Аль аль нь хотын төвөөс зайтай тул нийтийн тээвэр, ялангуяа амралтын өдрүүдэд автобус, унаагаар үйлчилбэл үнийг нь төлөөд явах хүмүүс олон байгаа.

БНХАУ, Харбин, Мөсөн хот.

Цанын бааз, Гачуурт, Богд уулын ам бараадсан эцэг, эхчүүд цасан дээр гудас, дэвсгэр дэлгээд, хүүхдүүдээ цайлж суугаа харагддаг. Зарим нь машиндаа халуун цай, аарцаа уудаг байх. Өвлийн хүйтэнд цасан дээр удаан зогсох хэцүү. Хүүхдүүд суулгаад халуун хоол цай идүүлчих энэхэн хугацаа амрагчдад чухал. Аль ч цанын бааз, жуулчны баазын хоолны газар, үйлчилгээний хэсэгт бүх хүн орж багтахгүй. Тиймээс ийм газруудад түр цайлах, амрах сандал, ширээг олон болгох зөв юм шиг. Нэгэнт л энэ их утаанаас дайжиж, тал өдрийг ч болов агаарт өнгөрүүлэх хүн бүрийн хүсэл, хэрэгцээ байгаа юм чинь сандал, ширээ, асар хүн амарч болох газруудад олон байх тусмаа сайн биз. Нийтийн амралтын эзэмшил байтугай тусгай зөвшөөрөлтэй амралт, сувиллын газрууд ч гаднаа ямар нэгэн тохижилтгүй, хэдэн гэр барихаас цааш хэтэрдэггүйг цэгцлэх байх гэж их хүлээдэг. Даанч өвөл байтугай зун очоод амарчих тав тухтай, орчин сайтай, жинхэнэ амралтын газар Улаанбаатарт ховор.

Сүүлийн үед улаанбаатарчууд нохой чарганы аяллыг ихэд сонирхох болсон. Гэхдээ одоогоор хүртээмж бага, үнэ өндөр байгаа байх. Дунджаар нэг хүний 80-100 мянган төгрөгт багтдаг чарганы аялалд нийт хүмүүс хамрагдах боломж бага. Уг нь нохой чарганы болон морин чарганы төрөлжсөн үйлчилгээг нэмэгдүүлбэл өдрийн амрагчдад таатай санагдах нь мэдээж.

Өвлийн морь, тэмээ, цаа бугатай аялал, цана-тэшүүр, мөсөн хананы тэмцээн, харзны усанд орох, загасчлах аялал гээд олон сонирхолтой тур, арга хэмжээг тогтмолжуулж болмоор. Өвөл дуустал өдөр бүр очихоор мөсөн хот байгуулж болно. Өвлийн үслэг малгай, гоёл, чимэглэлийн шоу, цасан дээрх загварын үзүүлбэрүүдийг ч хийж болно. Бүр цаашилбал, Монголд өвөл аялах нь сонирхолтой гэдэг мессеж, мэдээллийг дэлхийн аялагчдад сайн түгээх нь бидний хувьд их чухал. Баян-Өлгийн “Бүргэдийн баяр”, Хөвсгөлийн “Мөсний баяр”, говийн “Тэмээний баяр”-ыг өндөр түвшинд хүргэж, жуулчдын тоог нэмж болно.

Утаатай юм, хүйтэн юм гэж өвлийг зүхэж сууснаас бага гэлтгүй менежмент хийвэл бидэнд уг нь юу л байна, цэнгэг сайхан агаар байна, цэлгэр саяхан тал байна. Улаанбаатарын утааг бодохгүйгээр шүү дээ. Өвлийн улиралд менежмент хийе гэвэл эхлээд агаар, салхиа ашиглах аргаа олсон нь зөв болов уу.

Б.БАДМАА


ДЭЛХИЙН БУСАД ХОТУУДЫН ЦАНЫН БААЗУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж