Маргаан: Зурхайгаа дагах уу, хуулиа дагах уу?

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

Маргаан: Зурхайгаа дагах уу, хуулиа дагах уу?

Олон ашиг сонирхол дунд төөрч будилж явна даа, бид чинь. Далай ламын Монголд ирсэн маргаан эцэстээ Монгол тусгаар улс уу, үгүй юу гэдэг сэдэв рүү халтирч өчигдөр гэхэд л Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “ээрүүлэв”. Ёолкны оргилуун дарс, бялуунд дарагдаж буй энэ хэрүүлийн араас “Цагаан сар хэзээ болох вэ” гэсэн хуучин сэдэв шинэ болон сэдрэв. Энэ маргаан эцэстээ шинийн хоёронд сар үзэгдсэнгүй, үзэгдлээ гэснээр дуусгавар болдог уламжлалтай. Мөрөө буруу гаргажээ гээд амаа барьсаар хоцрогсод ч цөөнгүй. Одон орон судлалын хүрээлэнгийнхэн ч энэ бүхэнд өөрсдийн байр сууриа илэрхийлснээр даарин дээр давс гэгчээр юм болох нь элбэг. Үнэндээ хуанли гээч зүгээр хүний л зохиосон зүйл болохоос зайлшгүй дагаж мөрдөх ёстой туйлын хэрэгцээ биш. Гэтэл бид энэ бүхэнд маргах нь хөгийн.

Одоогоос таван жилийн өмнө Чингис хааны мэндэлсэн өдрийг хэзээ вэ гэж хэрэлдсэн. Тэндээс “Хавар төрсөөн” гэх хашгирах бол эндээс “Өвөл юм аа” гэж өрвөлзсөн. Гэхдээ авууштай тал нь олон эрдэмтэн чуулан байж билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэх болсон билээ. Төр ингэж л маргааны хайнааг хагалсан. Их хааныхаа төрсөн өдрийг тогтоож, төөрөгдлийг арилган түүгээрээ монгол хүний эв нэгдэл, бахархал, омогшлыг төрүүлэх нь төрийн өөрийнх нь үүрэг.

Харин одоо Цагаан сарын цэгцлэх үүрэг төрийн өмнө ирж байна. Яагаад гэж үү?

Яагаад гэвэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд албан ёсоор Цагаан сарыг тэмдэглэхийг заагаад 4.1.3-т нь “Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3”-нд гээд тодорхойлчихсон. Гэхдээ дутуу тодорхойлсон.

Монголчууд шинийн нэгний өнгөөр тухайн жилээ шинжиж, мөрөө гаргаж, нарандаа залбирч, ураг садан мэдэлцэн, хэн нь ямар явааг хардаг сайхан уламжлал, сүсэг бишрэлтэй улс. Гэхдээ энэ бүхэнд нь хэзээ шинэлэх вэ гэдэг туйлаас чухал.  Энэ л сэтгэхүй дээр нь бизнес хийж, өөрийн зурхайн номыг зарах сэдлээр маргаан үүсгэнэ.

Энэ жил л гэхэд Гандангаас “Тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохиох хэвээрээ” гэж айлдлаа. Түүнийг сөрөөд Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай “Монголчууд Цагаан сараа нэгдүгээр сарын 28-д тэмдэглэх ёстой” гэх авай. Монголд хамгийн олон борлуулалттай бестселлерийг зохиогч, зурхайч Л.Тэрбиш тэргүүтэй нөхөд “Хоёрдугаар сарын 27-нд шинэлэх нь зүйтэй” гэж “төгс буянтдав”. Одон орон судлалынхан харин шар зурхайчдын зурхай од, гаригсын хөдөлгөөнтэй таардаг гэх нь бий.

Энэ хэрүүл лавтайяа сар гаруй үргэлжилнэ. Олон ургальч энэ цагт хэвлэлийнхэн бид ч талуудын байр суурийг ялгалгүй гаргахыг хичээн маргааныг тэнгэрт тулгана. Эцэстээ… маргалдагч талуудын аль овсгоотой нь олз ил олоод онд тарган орно доо.

Иймээс төрөөс дутуу хуулиа гүйцээж, дундуур сэтгэгдлийг дүүргэх хэрэгтэй. Нэгэнтэй Цагаан сарын Төрөөс тэмдэглэх албан ёсны баяр гэдгийг тунхагласнаас хойш түүнийг хэзээ, ямар зурхай, тоолын бичгийг баримтлан хийх вэ гэсэн хайнааг хагалах нь чухал.

Үгүй аваас иргэдийн итгэл үнэмшил дээр тоглолт хийсэн энэ байдал уламжлагдсаар байх болно. Хувь хүн хэзээ золголтоо хийх нь дурын хэрэг. Харин төр бол өөр. Төр хэзээ тэмдэглэх вэ гэдгийг нэг тийш нь цэгцлэх нь өнөөдрийн хуульт ёст нийгмийн зайлшгүй хий ёстой ажил. Тодорхойгүй зүйлийн талаар маргаан үүсэх нь тодорхой. Төр ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй юм бол… Энэ үүргээ л биелүүлчих.


ЦАГААН САР ИРЭХ САРЫН 27-НД БОЛНО

Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27 буюу даваа гаригт тохионо гэж мэдээллээ. Ингэснээр бичин жилийн өвлийн адаг сарын битүүн хоёрдугаар сарын 26-ны өдөр таарч байна. Мичин жилийн өвлийн дунд сар илүү болж, өдрийн зөрүү нь тахиа жил рүү шилжиж, ийнхүү хоёрдугаар сарын төгсгөлд цагаан сар болно гэж зурхайд буужээ.

Удахгүй гарах тахиа жилийн тухайд налгар сайхан жил байхыг ч Төв гандантэгчэнлин хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Амгалан тайлбарлав.  Тэрбээр “Монгол Улс төр нь хүлээн зөвшөөрсөн шашин, зурхайн тооллоготой. Төгсбуянтын зурхайг монголчууд өөрсдөө зохиож, цаг тооллогоо зурдаг. Тиймээс түүхэн тэмдэглэлт өдөр, уул, хайрханаа тахих өдрөө ч зурхайтайгаа уялдуулан тодорхойлдог. Төр уул, усаа аргадах тахилгаа Төгсбуянтын зурхайг харж, товлодог. Зурхайч Л.Тэрбишийн зурхай, жилийн тодорхойлолт ч Төв гандантэгчэнлин хийдтэй уялддаг. Бусад зурхайчид бол монгол бичгээр бичигдсэн урд зүгийн газар тариалангаа харж, бичсэн зурхайг хуулж, ярьж байна. Төв ганданы баримталдаг зурхайг буруутгах гэж буй бол үндэслэлтэй ярих хэрэгтэй” хэмээлээ.

Мөн төв гандангаас иргэдэд зурхайчдын мэдээлэлд автахгүйгээр төрийн барьж буй  баримтлал, Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайн ёсоор голчилж явахыг зөвлөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж