“Токио-2020” олимпийн цикл эхэллээ. Ирэх дөрвөн жилийн эхлэлийг тавьж байгаа 2017 оныг Монголын спортын бодлогыг хариуцаж буй Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны үйл ажиллагаанаас шалтгаалж “Шигшээ баг”-гүй угтлаа.
“Рио-2016” олимпийн наадам өндөрлөснөөс хойш 90 хоногийн хугацаанд байгуулах ёстой Үндэсний шигшээ баг өдийг хүртэл бүрдээгүй нь журам батлагдахгүй удсантай холбоотой.
Шинээр боловсруулж буй Шигшээ баг сонгон шалгаруулах журамд Төрийн бус байгууллага буюу спорт холбоодын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх чиг барьсан нь санал, шүүмжлэл нилээд дагуулсан. Нөгөөтэйгүүр Хууль зүй, дотоод хэргийн яам журмын шинэ төслийг /Үүнд, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх журам, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч батлах журам, Үндэсний шигшээ багийн тамирчин сонгон шалгаруулах журам, Шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг багтаж буй/ “Зөвшөөрөх боломжгүй” гэж үзсэн тул дахин хугацаа алдсан тал ч бий.
Хууль зүйн яамны дүгнэлтийг сануулъя.
“…Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэмэгт “Насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална”, мөн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “…Насанд хүрэгчдийн үндэсний шгшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус заасан байна. Гэтэл тус журамд “Дасгалжуулагчийг сонгон шалгаруулах”-аар заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “Тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул холбогдох хуульд нийцүүлнэ үү. Түүнчлэн “Үндэсний шигшээ баг бүрдүүлэх журам”, “Үндэсний шигшээ багийн тамирчин сонгон шалгаруулах журам”-ыг хуульд заасны дагуу нэгтгэн батлах нь зүйтэй” гэсэн байв.
Энэ бол арванхоёрдугаар сарын дундуур гаргасан дүгнэлт. Үүнээс хойш арав гаруй хоногийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Шигшээ баг бүрдүүлэх журмаа хуульд нийцүүлэх үү, хуулиа өөрчилж, шинэ журмаа зүтгүүлэх үү? гэдэг хоёр сонголтын нэгийг яамны Спортын бодлогын газрынхан хийжээ.
Биеийн тамир, спортын тухай хуулийг анх 2003 онд баталсан ба 2007, 2009, 2012, 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.
Сайд Ж.Батсуурь хуулийн төсөл өргөн барихдаа “Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтолцоог боловсронгуй болгох, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, төрийн зарим чиг үүргийг спортын төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд нийгмийн бусад салбар, байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа” тул өөрчлөлт хэрэгтэй байна гэгийг онцолжээ.
Тэгэхээр Биеийн тамир, спортын тухай хуульд оруулах энэ удаагийн өөрчлөлт хуулийн 18 дугаар зүйл буюу Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тухай заалттай хамаарах бололтой. Дээрх зүйл заалтад багтдаг “Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд байгуулна”, “Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэсэн заалтууд өөрчлөгдөх магадлалтай болж байна. УИХ уг хуулийг хэзээ хэлэлцэхийг мэдэхгүй. Лав нэг сарын хугацаанд хүлээгдэх байх.
2017 оны нэгдүгээр сард спортынхон завгүй байна. Энэ сард хүндийг өргөлт, чөлөөт бөх, бокс, жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-үүд болно. Тэмцээний дараа улсын аварга болсон тамирчдаас Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх чиглэл барихыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар мэдэгдээд байгаа.
Нэгдүгээр сард болох УАШТ-ий хуваарь:
- Нэгдүгээр сарын 3-5-нд: Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ
- Нэгдүгээр сарын 6-8-нд: Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ
- Нэгдүгээр сарын 9-15-нд: Боксын насанд хүрэгчдийн УАШТ
- Нэгдүгээр сарын 16-18-нд: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ
Спортын хууль, журмаа өөрчлөх, улсын аваргуудаа тодруулах гэсээр нэгдүгээр сар өнгөрөх нь тодорхой болж байна. Харин түүнээс цааш хугацаа алдах нь тамирчин, дасгалжуулагчдын бэлтгэл, сургуулилт, зардал, санхүүд хүндрэлтэй байдал үүсгэнэ шүү дээ.