УИХ-д суудалгүй жижиг намууд нэгдэж “Сүүдрийн парламент” байгуулснаа зарласан. Тэгвэл тэдгээр намын нэг болох Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Сүүдрийн парламент” авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр өнөөгийн төр, засаг үүнтэй дорвитой тэмцэхгүй байна гэв. Үүний учрыг Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга тайлбарлахдаа “Шүүх, прокурорын байгууллага үнэн чанартаа өнөөдөр хоёр тийшээ харж суучихаад байна. Цагдаа, хүчний байгууллага, АТГ Засгийн газрын харьяа байгууллага учраас МАН-аас харьяалагддаг, прокурор нь Ерөнхийлөгчөөс харьяалагддаг. Ерөнхийлөгчийн харьяа байгууллага асуудал гаргаж тавихаар МАН-ын харьяа байгууллага хэргийг дараад, баллуурдаад суудаг. Тэгэхээр ялангуяа цагдаагийн байгууллага хэргүүд дээр идэвхийлэн ажиллах хэрэгтэй. Тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын гишүүдтэй голчлон холбогдсон албан тушаалаа урвуулан ашигласан, тендэрийн будилаантай холбоотой есөн асуудал бий. Түүнийг шийдэлгүй явж ирсэн.
Тухайлбал, 1990-ээд оны “Ургамал-ЗМ” компанитай холбоотой 800 сая төгрөгийн хэрэг байдаг. Энэ хэрэг тухайн үеийн МАХН-ын Төв хорооны гишүүн Ж.Бямбаноров гэж хүнд холбоотой. Тухайн цагт маш их дуулиан болсон ч дарагдсан нь цагдаагийн байгууллагатай холбоотой. Мөн “Айбекс-Молам” гэж том хэрэг бий. МАХН 1992-1996 онд дангаараа төр барьж байхдаа Монголын ашигт малтмал, агаарын орон зайг маш олон жилээр гадаадад түрээслэх аюултай зүйл хийсэн.
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой холбоотой Дарханы гурилын үйлдвэрийн хувьчлалын будилаан бий. Сайд асан Ж.Гүррагчаа улсын нөөц, батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн олон зуун сая төгрөгийн будилаанд холбогдож байсан. МАН-ын гишүүн н.Долгормаатай холбоотой UB паласын хувьчлалын маргаантай асуудал байна. Энэ мэт олон дахин хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн талаар манай нам цагдаад гомдол гаргана. Хуучин хэргүүдийг сануулна. Цагдаагийн байгууллага шударгаар ажилладаг болсон цагт дээрх хэргүүдийг шалгуулна” гэлээ.
Д.ОЮУН