Шинэ жилийн баярын өдрүүд таарсан тул Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа түр “завсарлав”. Нэр дэвшигчид баяраас өмнө зүүн бүсээр явж мөрийн хөтөлбөрөө танилцуулсан агаад тэд маргаашнаас говийн аймгуудыг зорих юм.
Заалны уур амьсгалыг харахад Ардчилсан намын аймаг, орон нутгийн жирийн гишүүд нь дэвшигчдийн аль алийг нь гомдоохооргүй адилхан хүлээн авч байгаа аж. Ардчилсан намын дотоод сонгууль энэ сарын 28 хүртэл явагдана. Харин нэгдүгээр сарын 29-нд Ардчилсан намын шинэ лидер тодрох бөгөөд цагаан сарын өмнө хуралдахаар товлосон долдугаар Их хурлаараа батламжлах аж.
Улс төрийн намуудын түүхэнд анх удаа бүх гишүүдээсээ намын даргаа сонгох энэ үйл явц шинэлэг бөгөөд Ардчилсан намын шинэчлэлээс Монголын төрийн шинэчлэл эхэлнэ гэж хүлээгсэд олон. Тиймээс намын даргаараа хэнийг сонгох нь Ардчилсан намын үйл хэрэг мөн боловч, нөгөө талдаа ганцхан Ардчилсан намынхны анхаарлын төвд байгаа асуудал биш болжээ.
Монголын улс төрийн хоёр голлох хүчин болон Ардчилсан нам болоод Монгол ардын намын хувьд өнгөрсөн 26 жилийн хугацаанд өнгөнөөс өөрөөр бодлогын томоо ялгаа, үзэл баримтлалын ялгарал үгүй болсон. Үгүй дээ л, үнэт зүйлээ Ардчилсан нам ч, Монгол ардын нам ч аль, аль нь адилхан гээчихсэн. Тэр утгаараа өнөөдөр Ардчилсан намд ч, Монгол ардын намд ч товойж тодорсон лидер алга.
УИХ-ын 2016 оны сонгууль Монголын улс төрийн намуудад түүхэн ач холбогдолтой гэж хэлж болно. Өнгө өөр ч, цус “холилдсон” Ардчилсан нам болоод Монгол ардын намыг үзэл баримтлал, үнэт зүйлээ олж авах хамгийн тохиромжтой цаг үе өнөөдөр. Хэрэвзээ өнөөдөр өнгөнөөс өөрөөр ялгарч, өнгөрсөн 26 жилийн хугацаанд МАН-ын “хашаа”-нд гээчихсэн үнэт зүйлээ олж авбал Ардчилсан нам зорилгоо шинэчлэл болгож чадна гэсэн үг.
Ардчилсан нам зүүний нам уу, эсвэл барууны нам уу. Монгол ардын нам барууны нам уу, зүүний нам уу. Аль аль нь өнөөдөр зорилгоо тодорхойлж, өөрсдийгөө таних шаардлагатай болжээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд Ардчилсан нам ч, Монгол ардын нам ч үзэл бодол нь тодорхойгүй, зөвхөн эрх мэдэл албан тушаал наймаалцдаг улс төрийн “байгууллага” болж хувирсан. Тиймээс Ардчилсан нам өнөөдөр “Бид хэн бэ” гэдгээ тодорхойлохыг хүсч байна.
Шинэчлэлийнхээ зорилгын хүрээнд Ардчилсан нам хоёр асуудлыг тодорхой болгох ёстой. Нэгд, Ардчилсан нам баруун уу, зүүн үү гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хоёрт, Ардчилсан намын дарга олонхийн төлөөлөгч үү, цөөн хэдэн ашиг сонирхлын бүлэглэлийн төлөөлөгч үү?
Ардчилсан намын шинэчлэлийн нэгээхэн хэсэг, гэхдээ тус намын шинэчлэлийн явцаас олон нийтийн хамгийн их анхаарал татаж байгаа шинэ даргын сунгаа. Ямар дүрэм журамтай, ямар үзэл баримтлалтай нам болох вэ гэхээс шинэ даргаар хэнийг сонгох вэ гэсэн яриа л Ардчилсан намд ид өрнөж байна.
“Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” гэгчээр Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар тавуулаа Ардчилсан намын даргаар сонгогдохгүй нь мэдээж. Сунгаанд өрсөлдөж буй тавын сурталчигааг харахад Ж.Батзанзандан ерөнхий олон нийтийн сэтгэл зүйд тохируулсан популизмаа хийж, С.Эрдэнэ ихэнхдээ л өөрийгөө магтан дуулж, Н.Алтанхуягийн зүгээс гомдол, гоморхол тоочиж, Д.Эрдэнэбат ая тал тасах маягтайгаар, Л.Гантөмөр бодлогын нам болгохыг амалж явна. Тэгвэл жирийн гишүүдийн хувьд хэн намын дарга болох нь чухал биш нам эв нэгдэлтэй байх ёстой гэсэн байр буурийг илэрхийлж байгаа аж.
Хүнийг танья гэвэл эрх мэдэл, эд хөрөнгө өгөөд үз гэсэн үг байдаг. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намынхан өөрсдийгөө хэн нь хэнбэ гэдгээ хангалттай таниулсан. Даргын сунгаанд өрсөлдөж байгаа тавын дунд ч унаж явсан морио хаяж, ханилж явсан нөхрөө “хутгалж”, багаа алж, багаа тайлсан хүн ч бий. Тэгэхээр Ардчилсан намын даргад нэр дэвшигч таваас намын эв нэгдлийг хангаж, хариуцлагаа хүлээх улс төрийн моралтай хүн хэн бэ? Шинэ лидерийн эрэлд гарсан Ардчилсан нам шинэ имижийг хэн бүрдүүлж чадах вэ? Хамгийн гол нь нэмэгдэхүүний байрлалыг өөрчиллөө гэхэд нийлбэр дүн өөрчлөгдөж чадвал Ардчилсан нам зорилгоо биелүүлж байна гэсэн үг.
ЖИЧ: Ардчилсан намын шинэ даргаар хэн ч сонгогдсон байлаа гээд мөнхийн хаан сэнтийд суучихна гэсэн үг биш. Эрх мэдлийг нь хязгаарлаж өгөх заалтуудыг Их хурлаараа хэлэлцэх дүрмэндээ оруулж өгөх бөгөөд хоёр жил тутамд намын даргадаа итгэл үзүүлэх үгүйг нь хэлэлцэж байхаар яригдаж байгаа юм байна.