“УИХ-д суудалтай нам л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

“УИХ-д суудалтай нам л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ”

-Ерөнхийлөгчийн сонгуулийг хэзээ товлох нь УИХ-ын  бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдвал сонгуулиа товлоно-

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.01.03/ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжээд байна. Уг төслийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.

Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт багтаж ажиллаж байгаа юм.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах саналыг Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан гэж ойлгож болох уу?

-Сонгуулийн төв байгууллагын тухай хуулинд сонгуультай холбоотой саналыг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, УИХ-д хүргүүлнэ гэсэн заалттай. Мөн УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд нар энэхүү төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Сонгуулийн Ерөнхий хороо ч саналаа хүргүүлсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зөвхөн МАН хүнээ нэр дэвшүүлнэ, мөн УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн зөрүүтэй мэдээлэл цацагдаад эхэллээ. Гэтэл төсөл санаачлагчид “Хуучин зарчмаа барьсан, УИХ-д суудалтай нам л Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ” гэх. Төсөл юу гэж заасан бэ?

-Зөвхөн УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн заалт байхгүй, Үндсэн хуулиараа боломжгүй. УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар зааж өгсөн. Энийг энэ хуулиар биш Үндсэн хуулиар заагаад өгсөн.

Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гээд заачихсан байдаг юм.

-Бие даагч гишүүн С.Жавхлан парламентад суудалгүй намд элсээд тэр нам нь парламентад суудалтай нам болчихоор Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох юм уу?

-Болохгүй гэдгийг Улсын Дээд Шүүх тайлбарлачихсан байдаг.

-МАХН-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчинө гэж тайлбарлаад байна. Тухайлбал, эх орондоо 5-аас доошгүй жил оршин суусан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэх мэт заалт нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэж тайлбарлалаа. Тийм заалт хуулийн төсөлд байгаа юм уу?

-Тийм зүйл заалт байхгүй. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёрт, “Ерөнхийлөгчид 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гээд заачихсан. Энэ бол тодорхой байгаа биз дээ. Яг л энэ Үндсэн хуулийн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хийж өгсөн.

-Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг хуульдаа оруулаагүйгээс өнгөрсөн жил нэлээн дуулиан тарьж байсан. Одоогийн энэ хуульд таваас доошгүй сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж зааж байгаа юм уу?

-2016 оны УИХ-ын сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын эцсийн тайлан манайд ирсэн. Сонгууль товлон зарласнаас хойш Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь буруу юм. Ийм учраас энийгээ засаж хуучин хэвэнд нь оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн.

Тэр зөвлөмжийн дагуу сонгууль товлон зарласнаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалтыг оруулсан. Манай саналаар .

-Ерөнхийлөгчийн сонгуулийг хэзээ товлож байгаа вэ?

-Хэзээ товлох нь УИХ-ын  бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдвал сонгуулиа товлоно.

-Нэр дэвшигчийг ирэх дөрөвдүгээр сард зарлах юм уу. Хуулийн төсөлдөө яаж суусан юм бол?

-Хууль батлагдахаар илүү тодорхой болно.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах саналыг Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан гэж ойлгож болох уу. Сонгуулийн хуульд орхигдсон байсан асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаж, сайжрууллаа гэдэг зүйл яригдаад байна. Энэ талаар тодорхой хариу өгнө үү?

-Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, бие даасан хууль болгож байгаа. 2015 онд УИХ-аар Сонгуулийн нэгдсэн хуулийн хэлэлцүүлэг хийж байх үед “УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэгдсэн хуулиар зохицуулахыг дэмжих боломжгүй” гэдэг саналаа тухайн үеийн ажлын хэсэгт хүргүүлж байсан. Харамсалтай нь,  бидний саналыг хүлээн авалгүй баталсан. Нэгдсэн хуулийг хэрэгжүүлэх явцад бэрхшээл гарсан. Учир нь Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн гэсэн гурван сонгууль явж байгаа. Гэтэл нэгдсэн хуулиар сонгуулийг зохион байгуулснаар зарим заалтууд дээр будилах явдал өнгөрсөн сонгуулиар гарч байсан. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хороо өнгөрсөн сонгуулийн явцад будилж төөрөлдсөн асуудлууд дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Одоо тусдаа хууль гарахаар төөрч будилах явдал гарахгүй. Түүнчлэн нэгдсэн хуулинд орхигдуулсан зүйл заалт цөөнгүй байсан. Тодруулбал, сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсан тал бий. Энэхүү заалтыг хуулийн төсөлд нэмж оруулсан. Батлан хамгаалах яамны шугамаар алба хааж байгаа хүмүүсийг болохоор бүртгэнэ, гэтэл хилийн цэргийнхнийг бүртгэх эсэх нь тодорхойгүй, хуулинд цоорхой үүссэн байсан.

Гуравдугаарт, нэгдсэн хуулинд товлон зарлах, санал авах өдрийг тогтоохын тулд хоёр тусдаа хийж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, УИХ хоёр удаа хуралдаж, нэг удаад нь товоо тогтоодог. Дахин хуралдаж санал авах өдрөө тогтоодог байсныг өөрчилж, нэг тогтоолоор дээрх хоёр асуудлыг шийддэг байхаар өөрчлөлт оруулсан.

Ярилцсан Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж