Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр Засгийн газраас өнгөрсөн онд шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэрийг энэ сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэллээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай гэсэн үг юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар буюу нэмж, 240 мянга байхаар тогтоосон. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх юм. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын туай хуулийг зөрчсөн жолооч нарыг торгох торгуулийн хэмжээ нэмэгдэж байна. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад торгуулийн хэмжээ 9600-1.000.000 төгрөгийн хооронд байсан юм. Харин цалингийн доод хэмжээ 2017 оноос 240 мянган төгрөг болсноор 9600 төгрөгийн торгууль 12 мянган төгрөг болж өөрчлөгдөж байна.
Ардчилсан нам даргаа тодруулахаар дотоод сонгуулийг зохион байгуулж байгаа билээ. Шинэ даргаа нийт гишүүдийнхээ саналаар тодруулах тулд тус нам гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг арванхоёрдугаар сарын 12-ноос эхлүүлсэн. Тэгвэл гишүүдээ шинэчлэн бүртгэл ажил энэ сарын 6-нд буюу ирэх Баасан гаригт дуусна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг хэсэг болох гэр хорооллын өрхийн цахилгааны тарифыг шөнөөр тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Энэ хөнгөлөлтөнд гэр хорооллын нийтдээ 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, өдөр шөнийн тарифт тоолууртай 112 мянган хэрэглэгч шууд шилжих юм байна. Харин 30 гаруй мянган хэрэглэгч энгийн тоолуураа тарифт тоолуураар солиулах шаардлагатай гэлээ.
Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс Х Богд тодорсон гэх мэдээллийг Гандантэгчинлэн хийдээс үгүйсгэж байна. Номын дүрмээрээ IX Богд Жавзундамба хутагтын хойд дүрийг Гандангийн Ловон лам нараас бүрдэх зөвлөл хуралдаж тодруулан олон нийтэд зарладаг байна. Энэ тухай Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга н.Амгалан “Одоогоор Ловон лам нарын зөвлөл хуралдаагүй. Тиймээс Х Богд тодорсон гэх мэдээлэл нь ташаа” гэж мэдээлжээ.
Турк улсын Истанбул хотын шөнийн цэнгээний газарт зэвсэгт этгээд дайрснаас 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан. Одоогоор хохирсон иргэдийн 16 нь гадаад болохыг тогтоожээ. Гэхдээ хохирогчдын дунд монгол иргэн өртсөн талаар мэдээлэл байхгүй болохыг Истанбул дахь Ерөнхий консулын газраас мэдэгдсэн бөгөөд халдлагад өртсөн иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэж мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан С.Баярцогтод Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар АТГ-ын албаны эх сурвалж мэдээллээ. Гэхдээ хэзээнээс ямар хэрэгт шалгаж байгааг хэлэх боломжгүй гэсэн юм. Зарим сайтуудаар түүнийг оффшор бүсэд данстай гэх асуудлаар нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэжээ.
Энэ жилийн цэргийн бүтгэлийн ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.