Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс Хөшигийн хөндийд өнөөдөр /2017.01.02/-өөс ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг нэгдүгээр сарын 11 хүртэл ажиллаж, санал дүгнэлтээ Засгийн газарт танилцуулах юм байна.
Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Японы талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээж авсан юм. Японы талаас Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Цэвэр усны байгууламж, шугам сүлжээ, Дулааны зуухны барилга зэрэг 23 обьектийг Техникийн комисст хүлээлгэж өгсөн байна. ИНЕГ-аас ажилласан Техникийн комиссын ажил дууссантай холбогдуулан Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан 57 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс Олон улсын шинэ нисэх буудалд ажиллаж эхэлж байгаа юм. Ажлын хэсэг хуралдаж, техникийн комиссийн дүгнэлтийг танилцуулж, төслийн явц, үйл ажиллагаа, тулгамдаад байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ийнхүү зөвлөлдлөө.
Улсын комисс ажиллахаас өмнө найман ажлын хэсгээс бүрдсэн техникийн комисс чиглэл бүрээр ажиллаж, нийт 1164 зөрчил дутагдал илрүүлсэн байна. Энэ хүрээнд гүйцэтгэгч компаниас 240 зөрчил дутагдлыг арилгасан бөгөөд одоогоор 920 орчим зөрчил үлдээд байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ. Тэрээр “Зам, барилгын асуудлууд эдгээр зөрчил дутагдлын томоохонд тооцогдож байгаа бөгөөд мэргэжлийнхэн зурвасын цементийн найрлага зэрэг асуудалд удахгүй дүгнэлт хийнэ. Япон болон Солонгосын тал ч төслийн ажлыг 100 хувь гэж хэлэхэд учир дутагдалтай тул цаашид үүнийг нэг жилийн дотор засаж, сайжруулах шаардлага бий гэдгийг хэлж байна” гэсэн юм.
Улсын комиссын дүгнэлт гарсны дараагаар холбогдох газрууд шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах хугацаа тодорхой болох юм.
Ш.ОЧ