“Исламын улс” цэрэгжсэн бүлэглэл шинэ жилийн үдэш Туркийн Истанбул дахь шөнийн клубт болсон халдлагыг зохион байгуулсан гэж мэдэгдлээ. “Исламын улс бүлэглэлийн Туркийн эсрэг явуулж буй ажиллагааны үргэлжлэл болгож, христийн шашинтнууд баяраа тэмдэглэж байх үед нь манай эрэлхэг дайчин халдлага үйлдсэн” гэж “Исламын улс” бүлэглэлийн мэдэгдэлд дурджээ. Гэхдээ тэд халдлага үйлдсэн этгээдийн талаар мэдээлэл дэлгээгүй байна.
Нэгдүгээр сарын 1-ний 01.15 цагийн орчимд Рейна хэмээх шөнийн клубт болсон халдлагын улмаас 39 хүн амиа алдаж, 69 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм. Гэмт этгээд эхлээд шөнийн клубын гадна хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн офицер болон хамгаалагчийг буудаж хөнөөгөөд, дотогш орж, гал нээжээ. Улмаар боломжийг ашиглан хэргийн газраас зугтсан бөгөөд түүний хар бараан хувцастай дүрс камерын бичлэгт үлдсэн байна. Халдлага үйлдсэн этгээд арабаар ярьж байсан гэж гэрчүүд мэдээлжээ.
Туркийн цагдаа, хууль, хяналтын байгууллагынхан улс орон даяар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна. Түүнийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой Узбекистан эсвэл Киргизстаны иргэн байж болзошгүй хэмээн Туркийн эрх баригчид мэдэгдэж байсан юм.
С.ЦЭЛМЭГ