БНХАУ-д агаарын бохирдлоос болж 81 нислэг хойшилж, зургаан нислэг цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

БНХАУ-д агаарын бохирдлоос болж 81 нислэг хойшилж, зургаан нислэг цуцлагджээ

  • Автобус машинтай мөргөлдсөн хэрэг өнгөрсөн шөнө /2017.01.03/ Баруун дөрвөн замын уулзварт гарч, найман хүн гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Shaolin” маркийн автобус T.Prius машинтай мөргөлджээ. Ослын үеэр хохирогчдыг яаралтай эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Мөн өнгөрсөн шөнө /2017.01.03/ Цагдаагийн академийн орчимд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS 106 маркийн автобус, “Эмсид” ХХК-ны H. Aero City 540 маркийн машинтай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн гэмтэж бэртжээ.


  • Тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор болсон билээ. Тэгвэл 11 төрлийн эмийн нэр тодорхой болжээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн мэдээлж буйгаар хүүхдийн ханиалгыг дарах, бронхи, дархлаа сайжруулах, цэр ховхлох зэрэг эмийг багтаасан байна. Найман эмийг амбулаториор, харин гурван эмийг сцаниороор олгохоор төлөвлөжээ. Гэхдээ хэзээнээс үнэгүй олгох эсэх нь тодорхойгүй байна.


  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын МАХН-ын гишүүд өчигдөр /2017.01.03/ Ерөнхийлөгчийн сонгууль тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсэгт миний бие орохыг санал болгосон ч оруулаагүй. Энэ хуульд заасан хэд хэдэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж МАХН үзэж байгаа” гэлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн барьж, УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэж, нэгдүгээр сард багтааж батлахаар төлөвлөж байгаа юм. 


  • Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Тэгвэл тус биржийн Төлөөлөн удирдах зөвлөл шинэ оны өмнөхөн хуралдаж, компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Алтайг жинхэлсэн байна. Х.Алтай нь 2011-2014 онд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.


  • “Цусны донорын өдөр”-ийг өчигдөр /2017.01.03/ Цус сэлбэлт судлалын үндэсний төв тэмдэглэлээ. Энэ нь цусны донорын тоог нэмэх, тэднийг алдаршуулах зорилготой юм байна. Идэвхтэй доноруудыг иргэдэд таниулахын тулд эхлээд тэднийг алт, мөнгө, хүрэл донороор тодруулж, бахархлын тэмдгээр шагнах ёстой гэж ЦССҮТ үзэж, доноруудыг шагналаа.


  • Монголчууд жилд 50 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний шатахууныг замын түгжрэлд зогсох зуураа зарцуулдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн замын хөдөлгөөнд 466 мянган тээврийн хэрэгсэл оролцдог. Энэ тоог дугаарын хязгаарлалт, хөдөө орон нутгийг зорьдог зуны саруудыг оруулаад тооцоход багаар бодоход 200 мянга гаруй машин замын хөдөлгөөнд оролцдог байна. Тэгвэл нэг жолооч замын түгжрэлд зогсохдоо өдөрт 1380 төгрөгийг хий дэмий зарцуулдаг гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциациас тооцжээ.


  • УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2017.01.03/ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.


  • Хятадын Чэнду хотын Шуанлю олон улсын нисэх буудал агаарын бохирдол, утааны улмаас өчигдөр /2017.01.03/ 81 нислэгийг хойшлуулж, зургаан нислэгийг болиулахад хүрчээ. Улмаар тус хотын нисэх буудалд 800 орчим зорчигчид тэнгэр цэлмэхийг хүлээсэн гэж Синьхуа агентлаг мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж