Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон Массив /Далайн төвшнөөс дээш 4897 метр/ оргилд амжилттай авирч, Монгол уулчин дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд амжилттай гарсан түүхийг оны өмнө бичсэн билээ. Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин болсон түүхийг 2011 онд бичиж байсан тэрбээр уулчин бүрийн хүсдэг “Seven summit”-ыг эзлэх мөрөөдөлдөө зүтгэсээр 2016 онд гүйцээж чадлаа.
Харин түүний зорьсон Антарктид тивийн ноён оргил Винсон Массивд Монголоос анхлан уулын спортын мастер Гэндэндарамын Ганхүү гарч байжээ. “Шар айраг” хамтлагийн ахлагч, чөлөөт аялагч тэрбээр 2009 оны нэгдүгээр сард америк, итали, украин, оросын уулчидтай хамт гарч Төрийнхөө далбааг мандуулж байсан түүхтэй.
Бид түүнийг “Шар айраг” хамтлагийн дуучин, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээр нь сайн мэдэх билээ. “Үнэндээ намайг Антарктид тивд очсон гэхэд олон хүн гайхдаг. Гэхдээ тухайн үед миний очиж үзэх ёстой газрын нэг байсан болохоор зорьж байсан юм. 2009 оны нэгдүгээр сард Антарктид тивд очоод буцаад ирэхэд 40 гаруй хоногийг зарцуулсан. Тухайн үед туршлага багатай байсныг хэлэх үү. Ямар ч байсан цааш уул руу явахын тулд цаг хугацааг хүлээсэн үе бий. Өөрөөр хэлбэл, 20 гаруй хоног буудлаар явсан тохиолдол байгаа. Би туршлага муутай байснаас наана нь нэг хотод саатсан. Гэхдээ тухайн үед гурван орос, хоёр америк, итали, украин улсын уулчдын багт би багтаж, энэ мөрөөлдлөө биелүүлсэн юм. Манай багт 10 орчим хүн байсан. Винсон Массиф ууланд авирахын тулд арванхоёрдугаар сарыг ихэвчлэн сонгодог. Яагаад гэхээр Антарктид тивд зуны улирал болж байгаа. Гэхдээ л ууландаа -30 хэмийн хүйтэн байна. Энэ удаа Гангаамаа Оросын багийг түшиглэн явж байгаад баяртай байна. Би тэр ууланд очсон юм чинь манай Гангаамаа бол саадгүй хүрнэ гэдэгтэй итгэлтэй байлаа. Гэхдээ бас ямар ч уулыг бас ч болдоггүй. Би Винсон Массиф ууланд гарахаас өмнө Африкийн Климанжаро уулын ноён оргил гарчихсан байсан. Үнэндээ Антарктид тив дэлхийн хамгийн цэвэр цэмцгэр тунгалаг агаар бий. Тэнд хэзээ ч нар жаргадаггүй. Үнэхээр сонин тив шүү. Миний хувьд нэг айхтар уулчин биш. Гэхдээ их богинохон хугацаанд уулын спортоор шаргуу хичээллэсний үр дүнд Дэлхийн долоон ноён оргилын хоёр дахь дэээр нь гарсан. 2008 онд Африкийн Климанжаро уулын ноён оргил дээр анх гарч байсан. Тэр агшин бол амьдралын маань хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг. Мөн анх удаа Монгол улсынхаа төрийн далбааг хамгийн өндөр оргилд мандуулах тэр агшин хүний амьдралд тэр бүр олдохгүй бахархалтай мөч” гэж өөрийн сэтгэгдлээ Б.Гангаамааг явахаас өмнө хуваалцаж байсан юм.
Дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувийг авдаг, асар их баялагтайгаас гадна эрчим хүчний эх үүсвэр болох хаана ч байхгүй их салхи байгаа зэрэг Антарктид тивийн судалгаа жилээс жилд нэмэгдсээр байдаг. Тэгвэл энэхүү тивд уулчдаас спортын мастер Г.Ганхүү анхлан очиж, ОУХМ Б.Гангаамаа удаах нь боллоо. Харин тус тивд цаг уурч, судлаачдаас судалгааны ажлаар долоон хүн зориод байна.
Пингвинээр төсөөлдөг Антарктид тивийг зорьсон уулчин Б.Гангаамаатай уулзах мөч ойртсоор байна. Тэрбээр энэ сарын 7-д эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.