АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан ордон дахь албаа хүлээж авсан эхний өдрөө Барак Обамагийн гаргасан олон арван шийдвэрийг цуцлах гэнэ. Трампын удирдлага дор ирэх дөрвөн жилд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллах Шон Спайсер ABC телевизийн “This week” хөтөлбөрт оролцох үеэрээ ийнхүү мэдэгджээ. “Өнгөрсөн найман жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт болоод ажлын байр нэмэгдүүлэхэд чөдөр тушаа болж байсан маш олон шийдвэр, журам, арга хэмжээг Дональд Трамп нэн даруй хүчингүй болгоно” гэж тэр хэлсэн байна.
Чухам ямар асуудалтай холбоотой ямар шийдвэрийг цуцлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ Трамп өнгөрсөн хугацаанд Барак Обамагийн цагаачлалын асуудал, эрчим хүч, гадаад харилцааны тал дээр авч хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжилсээр ирсэн юм. Тэгэхээр 45 дахь ерөнхийлөгчийн эхний шийдвэрүүд энэ чиглэлд хамаарах бололтой.
С.ЦЭЛМЭГ