Г.Мандахнаран барилдаж, Э.Бэхбаяр өнжинө

Хуучирсан мэдээ: 2017.01.02-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран барилдаж, Э.Бэхбаяр өнжинө

Спортын топ төрлүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн/УАШТ/ энэ долоо хоногоос эхэлж байна. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ ирэх баасан гаригт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Уг тэмцээнд Гавьяат тамирчин Г.Мандахнаран барилдах бол Гавьяат тамирчин Э.Бэхбаяр өнжихөөр болжээ.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, олимпийн наадмын шагналт V байрын эзэн Г.Мандахнаран энэ жилээс жин өгсөж, 70 кг-д барилдахаар болсон байна. Түүний хувьд Риогийн наадамд 65 кг-д барилдаж, хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхөд харамсалтайгаар ялагдсан юм.

Тэгвэл энэ жилийн УАШТ-ийг дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Бэхбаяр өнжихөөр болсон. Учир нь тэрбээр өнөөдөр Энэтхэгт эхэлж байгаа “Pro Wrestling League season” лигийн тэмцээнд оролцож байгаа юм.

Бөхийн төрлүүдийн салхийг хагалж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Улсын аварга болсон тамирчдаас Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх чиглэл барих бодлого барьж байгаа аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж