Жил бүрийн өдийд цэргийн бүртгэл явуулдаг. Энэ жил Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хууль гэсэн хоёр шинэ хуулийг баталсан. Энэхүү шинэ хуулиар 2017 оны цэргийн бүртгэлийг явуулах гэж байгааг албаныхан онцолж байв.
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн 20-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.
2017 оны цэргийн бүртгэлийн талаарх хурал өнөөдөр /2017.01.02/ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “А” танхимд боллоо. Тус хуралд нийслэлийн дүүргийн цэргийн штабын дарга нар болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Цэргийн тоо бүртгэлийг есөн дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ.
Цэргийн бүртгэлийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга Хурандаа Ж.Болдбаатар “Энэхүү цэргийн бүртгэл Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой. Үндсэн хуульд “Монгол Улс тусгаар тогтносон улс. Тусгаар тогтносон улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гэж заасан. Цэргийн бүртгэл иргэн хүн өөрийн биеэр очиж бүртгүүлдэгээрээ онцлог байдаг. Бүртгэлийн хугацаанд албан ажилтай, өвчтэй, чөлөөтэй байгаа бол холбогдох бичиг баримтаа гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан бүртгүүлж болно. Нийслэлийн есөн дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан гэж бий. Монгол Улсын нийслэлд амьдарч буй 18-50 насны бүх эрчүүдийн мэдээлэл нууцлалын зэрэглэлд байдаг. Цэргийн албаны тухай хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нд УИХ-аар шинэчлэгдэн баталсан. Энэхүү шинэ хуулийн дагуу цэргийн албаны тоо бүртгэлийг явуулна. Уг шинэ хуулийн есдүгээр зүйлийн 34-д “Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэнэ” гэсэн хуулийн заалттай байдаг” хэмээн ярилаа.
Цэргийн бүртгэлд 18-50 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд цэргийн алба хаасан, хаагаагүйгээс үл хамааран өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
Цэргийн албыг гэрээт цэрэг, дүйцүүлэх алба, оюутан цэрэг, орлуулан хаах, цэргийн алба хаах зэрэг таван төрлөөр хаах боломжтой. Мөн цэргийн албыг 18-25 насны залуус хүмүүнлэгийн байгууллага, шашны байгууллага, хил хамгаалах байгууллагад туслах гэсэн гурван чиглэлээр 24 сар орон нутгийн төрийн захиргааны байгууллагад ажиллаж дүйцүүлэн хаах боломжтой. Харин 26 нас хүрсэн иргэд цэргийн албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаадаг байна. Ийн 2016 онд 1400 хүнээр 800 гаруй сая төгрөгийг төлүүлж, Улсын төсөвт оруулсан талаар албаныхан мэдээлэл өглөө.
Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 8.30 цагаас 19 цагт, амралтын өдрүүдэд 10-18 цагийн хооронд зохион байгуулна.
Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:
Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүргийн/ Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
А.СҮРЭН