-ДЭМБ-аас агаарын чанар муутай 50 хотыг нэрлэсөн бөгөөд жагсаалтын 47 дугаарт Улаанбаатар хот орсон байна-
Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.01.03/ Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанд агаарын бохирдлын эсрэг ажиллаж байгаа албан байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Өмнө нь зохион байгуулагдаж байсан хэлэлцүүлэг болон Байнгын хороон дээр яригдаж байсан тоо баримтаас дуулгахад ДЭМБ-аас агаарын чанар муутай 50 хотыг нэрлэсөн бөгөөд жагсаалтын 47 дугаарт Улаанбаатар хот орсон байна. Улаанбаатар хотод агаарын чанарыг хянах 14 автомат станц байдаг бөгөөд агаарын бохирдлын хэмжээг өдөр бүр хэмждэг аж. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд РМ 2,5 жижиг тоосонцрын хэмжээ байх ёстой хэмжээнээс долоо дахин өндөр байна.
Дашрамд дуулгахад олон улсад манайх шиг асуудалтай улс орон бий. Тухайлбал, Англи улс 1952 онд РМ 10 жижиг тоосонцор нь 1200-1606 микрограмм метр куб хүрч байжээ. Англичууд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 1956 онд Цэвэр агаарын тухай хууль баталж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлажээ. Ингэснээр РМ10 тоосонцор 69,2 хувь буурсан байна. Харин Улаанбаатар хот нэг жилд 5,9 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд үүний 10 хувь нь гэр хорооллынхонд хамаардаг. Гэвч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг гэр хорооллын нүүрснээс гарч буй утаа эзэлдэг аж.
Улаанбаатар хот уулсын дунд байрладаг тул салхи бага салхилдаг онцлогтой. Үүнээс болоод агаарын бохирдол үүсгэгч бодисууд агаарт тунаж үлддэг аж. Хотын нэг жилийн нүүрсний хэрэглээний 85 хувийг хэрэглэж байгаа цахилгаан станцуудын утаа хоруу чанар багатай байдаг нь өндөр яндантай холбоотой юм байна. Станцаас гарч буй утаа газарт ялгаруулж байгаа нийт бохирдлын 6 хувийг эзэлдэг. Энэ нь станцын утаа хол зайд хийсч байгаатай холбоотой ажээ.
Ингээд байнгын хорооны гишүүдийн асуулт, холбогдох албаны хүмүүсийн хариултыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Шөний тариф тэг болсноор агаарын бохирдол хэдий хэмжээгээр буурах вэ? Бид нүүрсний хэрэглээгүй болж байж утаагүй болох юм биш үү? Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахын тулд хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ?
Холбогдох албаны хүн:
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 132 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 98 хувь нь сайжруулсан түлш, зуухны татаасанд зарцуулагдсан. Өнөөдрийн байдлаар нийт гэр хорооллын 50 хувь нь утаагүй зуух хэрэглэж байгаа.
Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж:
-Шөнийн цахилгааны тарифыг тэг болгосноос утааны хэдэн хувь багасах вэ гэдэг дээр хариулах төвөгтэй байна. Одоогийн байдлаар техникийн боломж нь нэг айл 2 кВт хүртэл чадалтай цахилгаанаар халаах хэрэгсэл тавих боломжтой байгаа. Нийтдээ 146 мянган өрх цахилгааны гэрээтэй байдаг. Үүний 110 мянга нь өдөр шөнийн тарифт тоолууртай. Үлдсэн хэсэг нь тоолуургүй. Тиймээс тэдэнд тоолуур тавих шаардлага тавьж байгаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
–Агаарын бохирдолтой тэмцэх асуудал үе шаттай хэрэгжих байх. Тэгвэл өнөөдрийн түвшинд ямар арга хэмжээ авах вэ? Хоёрдугаарт, ойрын 3-4 жил шат дараатай ямар ажил хийх вэ? Аймгийн төвүүдийн цахилгааны шөнийн тарифыг мөн тэглэсэн үү?
ХБОБНУГ-ын даргаД.Даваасамба:
-Агаарын болхирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдсан. Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр байдаггүй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар үндэсний хөтөлбөр боловсруулахаар болсон. Яг өнөөдрийн тухайд 198 мянган гэр хорооллын айл өрх байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагуудтай ярилцаад гэр хорооллын тоог нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтална. Үүнээс гадна шахмал түлш, боловсруулсан түлшийг гэр хороололд хямд өртгөөр нийлүүлэх талын бодлого баримтална. Дунд хугацаанд айл өрхийг цахилгаанаар халаана. Холын зорилт бол айл өрхийг хийн түлшээр халаах зорилготой байгаа. Аймгуудын цахилгааны тарифт өөрчлөлт ороогүй. Эхний ээлжинд агаарын бохирдол ихтэй байгаа нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэг болгосон гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авлаа. Хэлэлцүүлгийн явцад нийслэл рүү шилжин ирэх зөвшөөрлийг зогсоох, Төв аймгийг хөгжүүлж нийслэлийн төвлөрлийг тус аймаг руу чиглүүлэх гэх мэт санал гарсан. Гэвч шилжих зөвшөөрлийг зогсоох нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох тул гишүүд дэмжсэнгүй. Ингээд “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгах саналаа хэлж тогтоолын төслөө баталлаа.
Т.ДАВААНЯМ