-Л.Ванган гуай кионы зохиолч Жагванд хэлж Ягаан Гажид гэдэг нэмэлт дүрийг гаргасан-
Монголын кино урлагийн түүхэнд дүрээрээ мөнхөрч, үзэгч олондоо танил болсон хүний нэг бол “Нийслэл хүү” киноны Ягаан Гажид, “Өнөр бүл”-ийн Гангаамаа, “Өглөө” киноны Дамирангийн ааштай хадам ээжийн дүрээр мөнхөрсөн Гавьяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш билээ. Гэхдээ бид энэ хүнийг Ягаан Гажид дүрээр нь илүүтэй мэднэ. Тухайн кинонд гол дүрийг бүтээгээгүй ч хэлсэн үг, хийж байгаа үйлдлээрээ киног чимсэн гавьяатны нэг бол тэр билээ. 17 настай охин театрын үүдээр явахдаа харсан “Жүжигчин шалгаруулж авна” гэсэн зарын дагуу очин шалгуулж тэнцэж байсан тэрбээр 30-аад жил орчуулгын киноны дуу оруулалт дээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Хожим буюу 2009 онд Монгол улсын Гавьяат жүжигчин болсон Ц.Цэнд-Аюуш “Ванган багш минь намайг өдий зэрэгтэй явах замыг нээсэн хүн дээ” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
-Та бол Ягаан Гажид дүрээрээ ард түмэндээ үнэлэгдсэн хүн. Яриагаа эндээс эхэлье?
-Миний энэ дүр ард түмний сэтгэлд тодхон үлджээ. Дүрийн тухайд бол кино зохиолд байгаагүй юм билээ. Харин Ванган гуай кионы зохиолч Жагванд нэмэлт дүр байгааг хэлсэн гэдэг. Энэ дүр маань “Нийслэл хүү” киног амилуулахад нэгэн чимэг болж өгсөн болов уу. Эхлээд би ийм богинохон хэсэгт тоглох болсноо мэдээд яах бол гэж их л түгшиж билээ. Худаг дээр тас тас инээж, нийслэл хүүтэй ярилцаж байгаа хэсэгхэн хугацаа бол бусад дүрийг амилуулж чадсан хэрэг болов уу. Намайг Цэнд Аюуш гэвэл хэн ч мэдэхгүй. Харин Ягаан Гажид гэхэд хэн хүнгүй л танина. Тэгэхээр ард түмний дунд мөнхөлж чадсан энэ дүр миний амьдралыг их өөрчилсөн юмаа. Бас миний кино урлагт байх орон зайг чимж өгсөн.
–Ягаан Гажидийн тэр багахан хэсэгт тоглосны дараа багш тань юу гэж байв?
-“Нийслэл хүү” киноны зураг авалт 1968 онд болсон. Жүжигчинд зориулж дүр бичнэ гэдэг тийм ч амаргүй. Ванган багш маань намайг чадна гэж бодож байсан болохоор зориуд энэ нэрийг өгсөн гэдэг. Эхэндээ үнэхээр хэцүү санагдаж билээ. Киноны хар зургийг үзчихээд их сандарсан. Багшийг загнах байх гэж их айсаар сууж байтал “Молодец Цэнд-Аюуш” гэхийг сонсоод нэг тайвширч байсан удаатай. Кино маань ч Уран сайхны зөвлөлөөр батлагдаж, хүмүүс намайг Ягаан Гажид гэж дуудах болсон доо. Хэдийгээр би гол биш туслах дүрд ч хүрэхгүй тэрхэн хэсэгт тоглосон хэрнээ өөрийгөө их л дайчилж байсныг санадаг.Бага ч болов тус киног чимэж өгсөнд өнөөдөр баярлаж сууна. Үнэндээ бол энэ миний сайных ч бишээ. Багшийн минь л ач юмаа.
–Та ингэхэд багштайгаа хэрхэн уулзаж байв?
-Би “Нийслэл хүү” кинонд 23 насандаа тоглосон. Харин би долдугаар ангиа төгсөөд Хүүхдийн театрын дагалдан жүжигчин болж байсан юм. 17 настай жаахан охин Драмын театрын үүдээр явж байгаад “Жүжигчин шалгаруулж авна” гэсэн зарыг хараад л шууд ороод шалгуулж билээ. Тухайн үед би ямар ч бэлтгэлгүй орж байсан. Тэгсэн намайг шүлэг унш, дуу дуул гээд байдаг. Юу хийгээд байгаагаа ч мэдээгүй өнгөрч байсан. Гэтэл багш шалгалт аваад сууж байсан юм билээ. Багшийн нүдэнд би их л авьяастай юм шиг харагдсан байгаа юм. 300 гаруй хүн шалгуулсан гэдэг. Тэгээд нөгөөдөр ирээрэй гэсэн 4-5 хүүхдийн дунд би болон Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр бид хоёр багтсан байсан. Ингээд 1954 оны дөрөвдүгээр сарын 22-нд Гантөмөр Драмын театрт, би Хүүхдийн театрт дагалдах жүжигчнээр орж байсан түүхтэй юм. Ингэж л миний урлагт хөл тавьсан үед тэр зараас эхэлсэн дээ. Ванган багш шүүгчдийн бүрэлдэхүүнд сууж байсныг хожим мэдсэн.
-17 настай охин театрын жүжигчин болсны дараа кинонд тоглоно гэж бодож байв уу?
-Тухайн үед кинонд тоглоно гэдэг бол үнэхээр азтай хэрэг байлаа. Кино гэдэг бол их л сонин зүйл санагдаж байсан. Санаандгүй явж байгаад театрт шалгуулсан миний хувьд бол кинонд тоглоно гэдгийг төсөөлж ч байгаагүй юм. Гэхдээ удалгүй “Манай аялгуу” киноны ухуулагч хүүхний пробонд орсон юм. Шалгуулаад тоглохын даваан дээр шүднээсээ болж хасагдлаа. Тэгээд их л урамгүй байх үед минь Оюун гуай тус болж, хүүхэд бүүвэйлж байгаа эмэгтэйн дүрд гарсан юм. Энэ л миний анхны дүр юмаа. Харин Ванган багшийн анхааралд өртсөн нэг дүр байдагийн.
–Ямар?
-Театрт ороод гурван жил орчим л болж байсан байх. Тэгээд нэг удаа Оросын “Нэрсийг нь дурсаад яахав” орчуулгын жүжигт 70 гаруй насны Хөдөлмөрийн баатар авгайн дүрд тоглосон. Тухайн үед Ардын жүжигчин Цэндээхүү гуайн эгч нь болж тайзан дээр гарсан. Хорин нас ч хүрээгүй жаахан охин ийм том дүрийг чадварлаг бүтээсэн гээд их магтуулж билээ. Энэ дүр л намайг их өөд нь татсан. Яагаад гэхээр би энэ дүрд ямар ч бэлтгэлгүй тоглочихсон. Яаралтай жүжгийг шалгуулах гэтэл гол дүрийн хүн нь хөдөө яваад өгчихсөн байдаг. Гэтэл би дүрийг бүтээж чадсанд багш их үнэлсэн байх. Миний багш намайг хоолонд минь залгуулсан хүн шүү дээ. Эндээс л багш намайг дотроо дүгнэж, киноны дүр бодож эхэлсэн байгаа юм. Тэгж байгаад “Нийслэл хүү”-д тоглочихсон. Тухайн үед “Ягаан Гажид гэж яасан муухай нэр өгсийн гэж” багшдаа хэлж байсан ч одоо энэ дүрдээ хайргүй байхын аргагүй. Тэр үед багш Гантөмөр бид хоёрыг мөн ч их дэмждэг байсан.
–Та 30-аад жил орчуулгын кинонд дуу оруулсан. Орчуулгын кинонуудыг таны дуугүйгээр төсөөлөшгүй гэж боддог.
-Орчуулгын кино жүжигчин болох гэж хөгтэй юм болсон. Өндөр цалинтай, бас Орос руу явдаг гэдгийг нь дуулаад радиод ажиллах болсон. Гэхдээ тэнд удаагүй гурав орчим жил ажиллаад “Монгол кино” үйлдвэрт орчуулгын кино жүжигчнээр очсон. Орос руу явах хүсэлдээ хөтлөгдөөд радиод баймаар байдаг. Гэтэл Ванган багш Монгол кино үйлдвэрийн уран сайхны удирдаачаар томилогдоод нэг жүжигчний орон тоог надад хадгалчихсан оч гээд байдаг. Нөхөр маань “Багш тань нэгийг бодсон байх” гэж хэлэхийг сонсоод радиог орхисон. Кино үйлдвэрт 1963 оны зургадугаар сарын 15-ны өдөр ажилд ороод түүнээс хойш 30 гаруй жил ажилласан даа. Тухайн үед багш маань намайг сайн таньж чадсан учраас радиод ажиллуулахыг хүсээгүй байх. Гэхдээ тухайн үед орчуулгын жүжигчдийг кинонд тэр бүр тоглуулдаггүй байсан. Ажил их шүү дээ. Бас төлөвлөгөөт ажил ар араасаа ундарна. Би гэдэг хүн хааяа кинонд тоглохоор бол чөлөө авах гэж их юм болдог байсан. Багшийн маань өгсөн Ягаан Гажидаас гадна бас нэг дүр байдаг.
–“Өглөө” киноны туслах дүр үү?
-Тйимээ, “Өглөө” киноны Дамирангийн ааштай хадам ээжийн дүр. Энэ кино Улс төрийн товчоон дээр очтол буцаагдсан гэдэг. Бодоогийн дүрийг тодруул гээд киног нь батлаагүй юм билээ. Ванган багш зохиол дээр шөнөжин суугаад миний дүрийг олж. “Хоёр туулай хөөсөн хүн ганцаараа үлддэг юм гэсэн Бодоо минь” гээд үглэдэг хэсгийг нэмж оруулсан. Би тэр хэсэгхэн дүрд тоглоод киног баталж байсан гэдэг.
–Бас “Өнөр бүл” киноны Гүндэгмаагийн дүр байна?
-Инээв. Би “Өнөр бүл” киноны туслах найруулагч байсан юм. Тэгсэн Гүндэгмаагийн дүрд тоглох хүн байдаггүй. Би дотроо энэ муухай авгайн дүрд тоглохгүй гэдгээ хэлээд байдаг. Гэтэл нэг өдөр Жигжид гуай дуудаж байна гэхээр нь очтол нөгөө нөгөө шуналтай авгайн дүрд тогло гэдэг байгаа. Би яадаг ч байсан тоглохгүй гээд найруулагчийн ажлаа хаяад орчуулгын дуун дээрээ яваад очлоо. Жигжид гуай араас дуудаад байдаг, би “хүүхэд зодох, эсвэл ааштай авгайн дүрд намайг тоглуулах гэлээ” гээд уурлаад. Уг нь амьдрал дээр би чинь тэс өөр хүн шүү дээ. Тэгээд Гүндэгмаад тоглохгүй гээд гүрийгээд байх үед Долгорсүрэн гуай хүртэл ятгаж байнаа. Уг нь их том дүр биш шүү дээ. Намайг тоглохгүй гэхэээр “биеэ тоолоо” гээд их зэмлэнэ. Гэхдээ л би гол дүрд тоглоогүй хэрнээ хэсэгхэн дүр маань өнөөг хүртэл ард түмний сэтгэлд хүрсэн байхыг бодоход их баярладаг юм. Хожим 2009 онд Гавьяат жүжигчин болоход Ягаан Гажидаараа л овоглож байлаа.
Амьдралын ханьтайгаа театрт танилцаж, зургаан хүүхдийн эцэг, эх болсон тэд хүүхдүүдээ урлагт оруулахыг хүсээгүй гэдэг. Харин одоо ач, зээ нараас нь урлагийн хүн төрөхөөр байна гэж хэлж байсан юм. 1990-ээд оны ардчиллын шуурганд олон байгууллага хаалгаа барьсны нэг нь Кино үйлдвэр. Гэхдээ урлагийн буянаар ард түмэнд Ц.Цэнд–Аюуш биш Ягаан Гажид нэрээр танигдсан болохоор би энэ дүрээ дэндүү хайрлах юмаа. Одоо эргээд санахад бас дутуу тогложээ гэж харамсаж суух энэ эрхэм уржигдархан нээлтээ хийсэн “Амьдралоги” уран сайхны кинонд дүр бүтээгээд амжжээ. Тэрбээр Дундговь нутгаас төрсөн 27 дахь Гавьяат аж.