ТОДРУУЛГА: X Богд тодроогүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.01.02-нд нийтлэгдсэн

ТОДРУУЛГА: X Богд тодроогүй гэв

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд хийсэн ес дэх удаагийн номын айлчлалаараа Х Богд мэндэлсэн гэдгийг онцолж байсан.Тухайн үед Далай лам IX Богд Жавзундамба хутагтын хойд дүр тодорсон ч, нялх байгаа учраас олонд зарлахад эрт хэмээсэн билээ. Далай лам “IX Богдын дараагийн дүрийг тодруулах нь миний гарцаагүй үүрэг. IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай” гэж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн юм.

Тэгвэл зарим хэвлэлээр Х Богдоор УИХ-ын дарга М.Энхболдын ач хүү тодорсон гэх мэдээ цацагдаж байв. Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс Х Богд тодорсон гэх мэдээллийг үгүйсгэж байна. Номын дүрмээрээ IX Богд Жавзундамба хутагтын хойд дүрийг Гандангийн Ловон лам нараас бүрдэх зөвлөл хуралдаж тодруулан олон нийтэд зарладаг байна. Энэ тухай Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга н.Амгалан “Одоогоор Ловон лам нарын зөвлөл хуралдаагүй. Тиймээс Х Богд тодорсон гэх мэдээлэл нь ташаа. Мөн IX Богд Жавзундамба хутагтын хойд дүрийг тодруулахаар Ловон лам нарын зөвлөл хэзээ хуралдах нь ч тодорхойгүй байна” гэсэн тайлбарыг хийлээ. Харин XIV Далай ламын X Богд Монголд мэндэлсэн гэх мэдэгдлийг Төв Гандантэгчинлэн хийдээс удахгүй тайлбарлаж, мэдээлэл хийнэ гэв.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж