2015 онтой харьцуулахад өнгөрсөн 2016 онд Хятад улс руу орсон гадаадын хөрөнгө оруулалт буурсан тухай тус улсын Худалдааны яам мэдээллээ. Энэ 2017 онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг илүүтэй татаж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад олгох зөвшөөрөлд тавигдах шаардлагаа зөөлрүүлнэ хэмээн Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Тан Вэньхун хэвлэлд мэдээлжээ.
2016 оны эхний 11 сард Хятад улсад шинээр байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 24355-д хүрсэн өмнөх 2015 оны мөн үеэс гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Бодитоор орсон гадаадын хөрөнгийн нийт хэмжээ 713 тэрбум 800 сая юань хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар нэмэгджээ.
Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалтын эрч буурсанд дүгнэлт хийж, буурсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь энэ онд хийх гол ажил байх болно хэмээн Тан Вэньхун мэдэгджээ. Энэ онд хийх гол ажлууд гэвэл бизнес эрхлэх орчинг улам таатай болгох, худалдааны орчинг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж эдийн засагт улам их үүрэг гүйцэтгэхийг дэмжих болно гэжээ.
Энэ хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг үгүйсгээгүй бөгөөд Хятадын төв болон баруун хэсгийн нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих аж. Мөн Хятад улс даяар одоо ажиллаж буй чөлөөт худалдааны 219 бүсийг онцгойлон анхаарах ажээ.
Хятад ажиллах хүчний үнэлгээ өссөн, мөн газар эдэлбэр, үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн нь гадаадын хөрөнгө оруулалт Хятадаас гарч байна гэсэн яриа гарч байгаатай холбогдуулан Худалдааны яам мөн тайлбар хийсэн байна. Үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөрөнгө оруулах нь ихээхэн ашигтай байгааг шинжээчид хэлж байгааг тус яам эш татсан байна.
Хятадын Засгийн газраас Ляонин, Жэжян, Хэнань, Хүбэй, Чүнчинь, Сычуань, Шаньши мужид чөлөөт худалдааны туршилтын долоон бүсийг нэмж ажиллуулах шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сард гаргасан юм. Эдгээр бүс нь нь газар нутгийн хувьд Хятадын газар нутгийг өргөн хамарч байгаа юм. Тухайлбал, зүүн хойд хэсгийн аж үйлдвэрийн хуучин бааз газрууд, “Нэг бүс, нэг зам” санаачилгын хэрэгжих чиглэл дагуу газар, баруун бүс нутаг, Хөх мөрний эдийн засгийн бүс, тэнгисийн эргийн бүс нутгууд юм.
А.ШАРАВ