Асуудал болгоноор нийтийн сонсгол хийх нь зохисгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

Асуудал болгоноор нийтийн сонсгол хийх нь зохисгүй гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.01.03/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан УИХ, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох.  Мөн хуулийн 18.7-д УИХ-аас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа аж. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Нийтийн сонсголын тухай энэ товчхон хуулийг ”амь оруулах” цаг нь болсон. Гэхдээ юм болгоноор нийтийн сонсгол хийнэ гэж татаж аваад байж таарахгүйг хаа, хаанаа бодолцож, төслийг нухацтай хэлэлцэх шаардлагатай шүү” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь “Төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн учраас чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэснээр хуралдаанаа өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж