Ээжүүдийн группээс санаачилж, хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө нэгдсэн “Утааны эсрэг ээж, аавуудын нэгдэл”-ийнхэн өнгөрсөн сарын 26-нд /2016.12.26/ агаарын бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээ авахыг шаардан Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан билээ. Улмаар иргэд дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, тодорхой шаардлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Нийслэлийн захиргаанд хүргүүлсэн. Энэ жагсаалын үр дүн, шаардлагын хариу ирсэн эсэх талаар тус нэгдлийн санаачлагч Ц.Пүрэвхүүгээс тодрууллаа.
-Жагсаалд албан ёсоор хэчнээн хүн оролцож, гарын үсэг зурсан бэ?
-Жагсаалаа долоо хоногийн өмнө зарласан. Ингээд албан ёсоор 2500 орчим хүн дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэгтэй өргөдлөө өгсөн. Мөн дэмжиж буйгаа илэрхийлэн 500 гаруй хүн постерны ард гарын үсгээ зурсан. Онлайнаар 7700 орчим хүн гарын үсгээ зурсан. Өргөдөл, гарын үсгийг тооцоод үзэхээр жагсаалд 4000-5000 хүн ирсэн. Өвлийн хүйтэнд, мөн ажлын өдрөөр жагсаал цуглаан зохион байгуулсан гэхэд иргэд харьцангуй идэвхтэй оролцсон гэж бодож байна.
-Шаардлагуудын хариу ирсэн үү. Богино хугацааны яаралтай арга хэмжээ авах шаардлага тавьсан. Энэ биеллээ олж байна уу?
-Анх жагсаал хийнэ гэдгээ зарласнаас хойш Засгийн газар нэлээн хэдэн богино хугацааны арга хэмжээ авсан. Тухайлбал, ээж нар нөхөн олговор шаардаж эхэлсэнтэй холбогдуулан таван өдрийн цалинтай чөлөөг өчигдрөөс эцэг, эхэд олгодог болж байна. Бид жагсаал хийхээс өмнө энэ тухай ганц ч үг дурсдаггүй байсан.
Мөн эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийг шаардсан. Эхнээсээ Цэргийн нэгдсэн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг нээсэн. Ээж нар нийлж, дуугарч, тэмцэж эхэлсний дүнд Засгийн газар эхнээсээ арга хэмжээ авч байна гэж харлаа.
-Засгийн газраас тодорхой хариу өгсөн үү?
-Бас нэг шаардлага нь Засгийн газар арванхоёрдугаар сарын 28-ны хурлаа Баянхошуунд хийх байсан. Энэ шаардлагыг биелүүлээгүй. Гэхдээ бусад шаардлагад эхнээсээ арга хэмжээ авч байна. Жишээ нь, хотын дарга Хан-Уул дүүрэгт очиж 180-205 ортой эмнэлгийг барина гэж мэдэгдсэн. Мөн Ерөнхий сайд шинжлэх ухааны академчидтэй уулзан агаарын бохирдлыг бууруулахад шийдэл олох тухай үүрэг өгсөн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлэг агаарын бохирдлын асуудлаар сонсгол хийсэн. Энэ үйл явдлууд бүгд жагсаал зарласны дараа болсон. Тиймээс жагсаал цуглаан маань Засгийн газар, эрх баригчдад тодорхой хэмжээнд цочрол өгсөн гэж харж байна.
Энэ бол бидний хүсч байсан нэг үр дүн. Богино хугацаанд яаралтай арга хэмжээ авахыг бид шаардсан. Дараагийн удаад дунд хугацааны шаардлага тавьсан. 2018 он гэхэд гэр хорооллын утааг 100 хувь, нийт агаарын бохирдлыг 80 хувь бууруулах төлөвлөгөөг бидэнд танилцуулахыг шаардсан. Энэ төлөвлөгөөг бид хүлээж байна. Жагсаал хийсэн өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж телевизээр нээлттэй нэвтрүүлсэн. Энэ нь ч мөн тодорхой үр дүнгийн нэг хэсэг гэж харж байна. Мөн 2016 оны сүүлчийн хуралдаанаар гэр хорооллын шөнийн тогны тарифыг тэглэх, тав хүртэлх насны эцэг эхэд лист олгохоор болсон. Энэ бол яалт ч үгүй ээж нарын нэгдэж эхлүүлсэн жагсаалын маань үр дүн гэж харж байгаа.
Хамгийн гол нь биднийг тэр, энэ намын харьяалалтай жагсагчид гэж хардаж байсан. Гэхдээ энэ бүх хэрүүлээ орхиод агаарын бохирдолд анхаарлаа яаралтай хандуулж, иргэдийн дуу хоолойг сонсч, хариу үйлдэл хийж байгаад бид талархаж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ асуудалд маш их дэмжлэг үзүүлсэн.
Мэдээж жагсаал хийсний маргаашнаас шууд утаа арилна гэж байхгүй. Гэхдээ Засгийн газраас утааг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлж буй нь маш том амжилт юм. Мөн өмнөх жилүүдэд агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлсэн явуургүй аргуудаасаа татгалзаж эхэлсэн нь ч сайн хэрэг.
-Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээг яаралтай нэмэх шаардлагыг мөн тавьсан. Энэ шаардлагын биелэлт хэр байна вэ?
-Нэгдүгээр сарын 10 гэхэд хүүхэд шалан дээр хэвтэж эмчлүүлдэг байдлыг зогсоох шаардлага өгсөн. Энэ шаардлагын хариуг хүлээж байна. Арванхоёрдугаар сарын 30, 31-нд эмнэлгүүдээр явж үзлээ. Баянгол дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн долдугаар төвд очиход шалан дээр хэвтэж эмчлүүлсэн хэвээр л байна. Ээжүүд ямар сайндаа нэгнээсээ эвхдэг ор сураглаж сууна. Шалан дээр хэвтэхээр хүүхдүүд гүйлдээд доргиод байдаг. Тиймээс арга ядахдаа эвхдэг ор хайж байна.
Ямартай ч бидний зүгээс нийслэлийн захиргаа, Засгийн газар өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгүүдээ гаргаж, ханиад томууны улирал дуустал түр хугацаанд эмнэлгийн журмаар ашиглуулах арга хэмжээ авах боломжтой гэж харж байгаа.
Үүнээс гадна бидэнтэй орон нутгийн иргэд багагүй холбогдож байна. Аймгийн төвд нүүрс түлдэг учраас утааны бохирдол өндөр байдаг гэнэ. Нийслэлийн утааны бохирдол нь нарийн нягтаршилтай байдаг бол орон нутагт бүдүүн хар, тортогшсон байдаг гэж мэдээлсэн. Ховд, Увс аймгийн төвөөс зураг ирүүлсэн. Нийслэлийн гэр хорооллын утаа шиг дуниартсан, хар бараан утаатай байна билээ. Тиймээс утааны асуудал зөвхөн нийслэлийн хэрэг биш болсны илрэл.
-Нэг удаа жагсаал хийгээд өнгөрөх юм уу гэх асуулт их ирсэн байх?
-Нэг удаад жагсаал хийгээд өнгөрөхгүй. Урт хугацаандаа үйл ажиллагаа явуулахаар төрийн бус байгууллага болон албажиж байна. Ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтаа хийж байна. Хүүхдийн эрх, эмэгтэйчүүд, байгалийн чиглэлээр ажилладаг олон төрийн бус байгууллагууд ч гишүүнчлэлтэйгээр орж эхэлсэн. Цаашид шаардлагуудынхаа хариуг нэхэж, агаарын бохирдлыг бууруулахад эрх баригчдад түлхэц өгөх ажлуудаа хийсээр явна.
Б.ЗАЯА