Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин байрыг засч, 100 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
2012 оноос хойш актлагдаж, хоосон орхигдсон уг барилгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн хөрөнгөөр засч, тохижуулсан байна. Өгөршиж муудсан хуучин барилгыг будаж, үлгэрийн баатруудаар ханаа чимэн өнгө оруулжээ. Хоёр анги, гал тогоо, ариун цэврийн өрөөг стандартын дагуу тохижуулсан байна. Мөн багш, тогооч, манаач гээд 10 гаруй хүнийг ажлын байраар хангасан аж.
80 дугаар цэцэрлэгт нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн гурав, хорин зургадугаар хорооны хүүхдүүд хамрагддаг. Эдгээр хорооны цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэд гэртээ хүмүүжиж байгаа аж. Гуравдугаар хорооны Засаг дарга Б.Соёл-Эрдэнэ “30 гаруй мянган хүн амтай 3, 26 дугаар хорооны хүүхдүүд 80-р цэцэрлэгт хамрагдах эрхтэй байдаг. Гэсэн хоёр хорооны дунд ганцхан улсын цэцэрлэг байна. 80 дугаар цэцэрлэг 350 хүүхдийн багтаамжтай ч 700 хүүхэд хүмүүжүүлдэг. Нэг ангид 45-50 хүүхэд байдаг учраас багш нар ачаалал ихтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Ашигладаггүй хуучин барилгыг хоёрхон сарын дотор цэцэрлэгийн байр болгож чадсан сайн жишээ боллоо” гэв.
Энэ тойрогт цэцэрлэгийн насны 3277 хүүхэд бий ч дөнгөж 700 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа аж. Хувийн гурван цэцэрлэг байдаг ч төлбөрийн асуудлаас болоод эцэг, эхчүүд хүүхдээ явуулж чаддагүй аж. Тэгвэл хэмнэлтээс үүдэн үлгэрлэл болж буй уг цэцэрлэг нь ирэх жил сургуульд орох таван настнуудыг бэлтгэл анги болон 3-4 настнуудын холимог ангитай юм байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Энэ барилга нийслэлийн өмчлөх барилгуудын жагсаалтад орсон байсан. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газарт өөрсдөө тохижуулаад цэцэрлэгийн зориулалтаар ашиглах хүсэлт гаргасан. Эдийн засаг өндөр өсөлттэй байсан 2008-2013 оны үед маш их бүтээн байгуулалт хийсэн. Шинэ барилга бариад, хуучныг нь акталсан. Тухайлбал, 2008 онд 152 хорооны барилгыг шинэээр барьж, ашиглалтад оруулсан байдаг. Гэвч акталсан зарим барилгыг өмч хувьчлал нэрийдлээр долоон сар төгрөгөөр зарсан тохиолдол бий. Харин эдийн засаг хүндэрсэн одоо үед эдгээр актлагдсан барилгуудыг ашиглах боломж байгааг олж харлаа. Бусад хороо, байгууллагууд ч гэсэн үүнээс үлгэр жишээ аваасай” гэв. Тэрбээр шинэ цэцэрлэгийн хажуу дахь өгөршсөн байшинг заан “Удахгүй энэ байшинг засаж, Залуучуудын хөгжлийн төв болгоно” гэлээ. Өмнө нь гуравдугаар хорооны байр байсан нэг давхар уг барилга удахгүй “амь орох нь”.
Д.УУДАМ