Агаарын бохирдлыг бууруулах зорилгын нэг хэсэг, гэр хорооллын иргэдийн цахилгааны хэрэглээг шөнөөр үнэгүй болгож эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2016.01.03/ Эрчим хүчний зохицуулах хорооноос /ЭХЗХ/ мэдээлэл хийлээ. Уг урамшуулал нь нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилнэ. Ингэхдээ зөвхөн ахуйн хэрэглээний цахилгааны тарифыг тэглэнэ гэдгийг санууллаа. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан ”Энэ хөнгөлөлт бол зөвхөн ахуйн хэрэглээнд, оршин суугаа байраа цахилгаанаар хангахад зориулсан. Түүнээс биш гэр хороололд үйлдвэрлэл явуулдаг газрын тогийг тэглэхгүй. Гэр хороололд үйлдвэрлэл явуулдаг бол ахуйн биш үйлчилгээний зориулалтаар гэрээ хийсэн байдаг. Тиймээс үйлдвэрүүд хамрагдахгүй юм. Хэрвээ нууцаар хэрэглэж байвал түгээлтийн компанийн байцаагч нар таслан зогсоох ёстой” гэлээ.
Гол нь энэ удаад цахилгаан эрчим хүчний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 квт.ц, 380В-ын хэрэглэгчид 1500 квт.ц байхаар тогтоосон байна. Энэ нь шөнөөр халаагуур залгаж хоноход хүрэлцэхүйц хангалттай хэмжээ хэмээн Хорооны Үнэ тарифын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр “220В-ын хэрэглэгчид 2.5 квт-ын чадалтай халаагуурыг шөнийн турш залгахад 700 квт.ц-ийн эрчим хүчийг сард хэрэглэнэ. Харин 380В-ын хэрэглэгчид тав орчим квт халаагуур залгах боломжтой. Одоогийн 1500 квт.ц нь дундаж хэрэглээ юм. Цахилгаан халаагууртай иргэд шөнөдөө 1500 квт.ц-ийн хэрэглээтэй гэх судалгаа гарсан. Мэдээж 220В-ын хэрэглэгчдийн хувьд тэдний аюулгүй байдал, цахилгаан шугам сүлжээний дамжуулах чадвартай уялдуулан 700 квт.ц-ийг тогтоож өгсөн” гэлээ.
Энэ үеэр ЭХЗХ-ны дарга А.Тлейхан “Өдөр, шөнийн тоолуур тавиулах нь зөвхөн энэ удаагийн хөнгөлөлтөөс гадна цаашид ашигтай юм. Тиймээс зориулалтын тоолуурыг цаг тухайд нь авч тавих нь зүйтэй. Зарим хүмүүсийн хэлж буйгаар энэ нь тоолуурын бизнес явж байна гэдэг. Тийм зүйлгүй. Дэлхийн банкны санхүүжилтээр нийслэл, орон нутгийн өрхүүдийн 90 гаруй хувийг энэ тоолуураар хангасан. Одоо цөөн хэдэн айлд л яригдаж байна. Хөнгөлөлтөд хамрагдъя гэж бодвол тоолуур тавиулах нь зүйн хэрэг” гэсэн юм.
Б.ЗАЯА