Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 22-нд өргөн барьсан. Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь татан буугдаад байсан Дотоодын цэргийн ангиудыг дахин байгуулахаар болж байгаа юм. Хуулийн төсөл нь таван бүлэг, 40 зүйлтэй.
ДОТООДЫН ЦЭРГИЙГ ТАТАН БУУЛГАСАН ШАЛТГААН
Цагдаагийн албаны тухай хуулийг 2013 онд баталсанаар энэ хуулийн хүрээнд 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсон. Үүнийг дагаад дотоодын цэргийн ангиуд 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ээс татан буугдаж, Хилийн цэрэг, Цагдаагийн ерөнхий газрын харьяанд очсон юм. Дотоодын цэрэгт татагдаж байгаа шинэ цэрэгүүд галт зэвсэгтэй шууд харьцах эрх байдаг. Гэвч дөнгөж сурагчийн ширээнээс гарч ирсэн залуучууд галт зэвсэгтэй харьцаж байгаа нь учир дутагдалтай гэж үзсэн. Дотоодын цэргийн үндсэн үүрэг нь улсын онцгой объект хамгаалах, нийтийн эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүч нэмэх хоёр үүрэгтэй. Тиймээс дотоодын цэргийн ерөнхий чиг үүргийг Хил хамгаалах газар, Цагдаагийн байгууллагын дэргэд байлгах боломжтой гэж үзсэн учраас Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болгож байжээ.
ДОТООДЫН ЦЭРГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
90 гаруй жилийн түүхтэй дотоодын цэргийг 2014 онд УИХ-аас татан буулгах шийдвэр гаргасан. Дотоодын цэрэг 1922 оны долдугаар сарын 16-ны өдөр Бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын дэргэд партизан голдуу 10 гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй “Тусгай тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Тухайн үед алслагдсан сум, хошуудад нууц бичиг, шуудан хүргэх, улсын чухал газруудыг манаж хамгаалах, хоригдол ялтанг хуяглан хүргэх зэрэг үүрэг голчлон гүйцэтгэж байсан түүхтэй. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаагийн байгууллага нь өөр өөрийн хуульд заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуулийн хоёрдугаар бүлгийн долдугаар зүйлийн 7.1-т зааснаар “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ”, мөн хуулийн 7.2-т зааснаар “Дайны байдал зарламагц…дотоодын цэрэг …зэвсэгт хүчний бүтцэд багтаж үүрэг гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.Хуулийн дээрх заалтаас үзэхэд Дотоодын цэрэг нь тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд хамаарахгүйгээр хуульчлагдсан байгаа юм. Мөн улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргүүдийг өөрийн командлагчийнхаа шууд шийдвэрээр орон нутгийн засаг захиргаа, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэгээрээ Зэвсэгт хүчнээс ялгаатай гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Дотоодын цэрэг нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, хүн амын амьжиргааны нэн чухал хангамжийн объектуудыг хамгаалах чиг үүргүүдийг цагдаагийн байгууллагатай өдөр тутам хамтран хэрэгжүүлдэг боловч цагдаагийн байгууллагын бүтцэд ордоггүй, байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцдоггүйгээрээ цагдаагийн байгууллагаас ялгаатай, цэргийн байгууллага боловч улс орны өмнө хүлээсэн өөр өөр чиг үүргүүдийг хэрэгжүүлдэгээрээ цагдаа, хилийн цэрэгээс ялгаатай юм байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАХ ҮНДЭСЛЭЛ
Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай чиг үүрэгтэй. Мөн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дотоодын цэрэг байхгүй байсан ч тэдгээрийн гүйцэтгэж байсан чиг үүргийг бусад байгууллагууд гүйцэтгэж байжээ. Дотоодын цэргийг татан буулгасанаар улс орны аюулгүй байдалд нөлөөлөх онц байдал үүсээгүй ч цаашид урьдчилан сэргийлэх улс орны нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг хууль санаачлагчид хэлж байна. Дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг нь улсын онц чухал объектийг хамгаалдаг. Нийтийн эмх замбараагүй байдал ч юм уу цагдаагийн байгууллага хүч хүрэхгүй байдалд дэмжлэг үзүүлэх ёстой байдаг. Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид мэргэшсэн, тогтвортой чиг үүргээ биелүүлдэг байгууллага байгуулагдах нь зайлшгүй шаардлага бий болж байгаа учраас хууль өргөн барьсан гэж хууль санаачлагчид үзэж байгаа.
Дотоодын цэргийг байгуулсанаар,
Гэмт хэргийг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах ажилд тодорхой ахиц гарч, өдөр шөнийн аль ч цагт шаардлагатай үед богино хугацаанд үүрэг гүйцэтгэхэд байнгын бэлтгэлтэй нөөц хүч бүрдэж, шуурхай байдал хангагдана.
Улсын онц чухал объект болох хүн амын амьжиргааны нэн чухал байгууламжуудын талаарх эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ мэдээллийг богино хугацанд цаг алдалгүй солилцох, объектын хамгаалалтын нягтрал сайжирч, аюулгүй байдал хангагдана.
Онц аюултай гэмт хэрэг үйлдэж оргон нуугдсан этгээд, хорих ангиас оргосон хоригдлыг эрэн сурвалжлах зэрэг чиг үүргийг нэг бодлого шийдвэр, төлөвлөлт зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Шинэ төрлийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг таслан зогсооход цагдаа, дотоодын цэргийн хүч хэрэгслийг уялдуулан зохицуулж, нэгтгэн удирдах нөхцөл хангагдах зэрэг ач холбогдолтой юм.
Дэлхийн 120 орчим орон өөрийн улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллатай. Улсын онц чухал объект, чухал байгууламж, төр засгийн тэргүүн, гадаадын зочид төлөөлөгчид, тухайн оронд суугаа Элчин сайдын яам, консулын газруудыг хамгаалах, улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад туслах, зорчигч, тусгай ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул тохиолдсон үед авран хамгаалах ажилд туслах, гэмт хэргийг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулахад цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, террорист байгууллагын эсрэг сөрөг тусгай ажиллагаанд оролцох зэрэг нийтлэг үүрэг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, манай улсын дотоодын цэргийн чиг үүрэгтэй адилхан, харин нэршлийн хувьд өөр өөр байдаг юм байна.
Хууль хэрэгжих хугацааг УИХ-аас шийдвэрлэнэ. Гэхдээ Цагдаагийн албаны тухай хуультай хамтатган өргөн барьсан учраас энэ хуулийг дагаж хэрэгжих юм байна. Дотоодын цэрэг бол нийтийн аюулгүй байдлын манаач гэдгийг дотоодын цэргийн ахмад дайчид хэлдэг. Ундны ус, шатахууны нөөц, улсын онцгой обьектуудыг хамгаалах, онц аюултай гэмт хэрэгтэн оргон зайлахад дотоодын цэрэг шуурхай ажиллах үүрэг хүлээх учиртай. Хуулийн төсөл байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдах эсэх, өөрчлөгдөх эсэхийг харах үлдлээ.
Ш.ЧИМЭГ