Бохир тоглоом: Путин ба Обама

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

Бохир тоглоом: Путин ба Обама

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон хоёр орны харилцааг сэргээхийг бэлгэдэж, нэгэн цагт ОХУ-ын Гадаад хэргийн сайдад “reset” гэсэн бичигтэй товчлуур дурсгаж байлаа. Яг л ийм бодолтойгоор Барак Обама найман жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хүлээн авч байв. Харин одоо тэрбээр сар хүрэхгүй хугацааны дараа сэнтийгээсээ буух гэж буй энэ үед Вашингтон болон Москвагийн харилцаа Хүйтэн дайны сүүдэрт хэвээр байна.

Америкийн ардчиллын үйл явцад хөндлөнгөөс оролцож, сонгуулийн үр дүнд нөлөөлөх хэмжээнд цахим халдлага явуулсан гэж Обама ОХУ-ыг, тэр дундаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг нэр цохон буруутгав. Тагнуулын албаны тайлан дүгнэлт алдаа мадаггүй гэдэгт тэр итгэж буйгаа хэлээд, ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хоригоо чангатгалаа. Энэ удаад тус улсын дипломатчдыг эх орноосоо албадан гаргаж, АНУ дахь Оросын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Харин Владимир Путин хариуд нь Америкийн дипломатуудыг нутгаасаа хөөхгүй гэсэн “мужик” үйлдэл нь Обамаг үл ойшоож, хориг арга хэмжээг ач холбогдолгүй, хэлбэр төдий зүйл мэт харагдууллаа гэгдэж байна. Чухамдаа нууц хөзрийг хэн атгаж байна вэ? Хэний ямар үйлдэлд хэн ямар хариу барив? Шатрын хөлөг дэх энэ тоглолтод хэн ямар нүүдэл хийснээр ялах вэ?

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2009 оны гуравдугаар сарын 6-нд Женев хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт “reset” гэсэн бичигтэй товчлуур дурсгаж байв.

ОБАМА ЯМАР ШИЙДВЭР ГАРГАВ? ЯАГААД?

ОХУ-ын хакер ажиллагааны эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн Барак Обама 35 орос дипломатчийг эх орноосоо даруй гаргах зарлигаа /2016.12.29/ танилцуулав. Америкийг орхин гарахад тэдэнд 72 цагийн хугацаа хангалттай гэж үзжээ. Дээр нь, онолын хувьд амралт зугаалга, баярын үеэр очиж тухалдаг байсан Нью-Йорк болон Мэрилэнд дэх хоёр цогцолборын үүдийг барив. Обама энэ хоёр газрыг Оросын тагнуулчдын үүр уурхай гэж үзсэн учраас тэр.

1940 онд агаараас авсан энэ зураг дээрх Мэрилэндийн Расков цогцолборыг 1970-аад оны үед зөвлөлтийнхөн худалдан авсан аж.

Америкийн улс төрийн хүрээний нөлөө бүхий эрхмүүдийн хувийн нууцад хамаарах мэдээллийг хакеруудын тусламжтайгаар олж авч, нийтэд дэлгэсэн, улмаар сонгогчдын итгэл үнэмшилд нөлөөлөхүйц байдлаар мэдээллийг цацсан, бүр цаашилбал Дональд Трампын ялалтад дэмжлэг үзүүлсэн зэрэгт ОХУ-ыг буруутгаж буй. Ийм үндэслэлээр АНУ хориг арга хэмжээгээ улам бүр чангатгасан юм.

ПУТИНЫ ХАРИУ ҮЙЛДЭЛ

Гадаад хэргийн сайд Сергей Лавровын “адилхан хариу барих” саналыг эс тооцвол Москва ямар нэг хариу арга хэмжээ авах гэж тэвдсэнгүй. АНУ-ын энэ шинэ хоригийн эсрэг Владимир Путин хуруугаа ч хөдөлгөхгүй гэсэн нь огт тооцоолоогүй шийдвэр байлаа.

Арванхоёрдугаар сарын 29-ний үдээс хойш Оросын 35 дипломатчийг эх орноосоо албадан гаргах шийдвэрээ АНУ танилцуулав.

Арванхоёрдугаар сарын 30-ны өглөө Оросын Гадаад хэргийн сайд АНУ-ын дипломат ажилчдыг мөн Оросын нутаг дэвсгэрээс хөөн гаргаж, ОХУ дахь Америкийн хоёр үл хөдлөх хөрөнгийг хаах саналтай байгаагаа илэрхийлэв.

Арванхоёрдугаар сарын 30-ны үд дунд Владимир Путин Кремлиэс мэдэгдэл хийхдээ, уужуу тайван өнгө аястайгаар “ОХУ-аас хэнийг ч хөөн гаргахгүй” гэв. “Бид Америкийн дипломатуудад хүндрэл учруулахгүй. Бид хэнийг ч нутгаасаа албадан гаргахгүй. Шинэ жилийн баярын үеэр тэдний гэр бүл, хүүхдүүдийг уламжлалт газартаа баяраа тэмдэглэхийг нь хориглохгүй” гэж Путин хэлжээ. Түүгээр ч зогсохгүй америк дипломатчдын хүүхдүүдийг Кремль дэх шинэ жилийн баярт урив.

Москвагийн энэ л тактикийг “эртнээс бэлдсэн тавилттай жүжиг” гэж барууны хэвлэлүүд бичиж байна. “Маш ухаалаг тоглолт. Путин энэ талаар хэдийнэ тооцоолчихсон байсан. Гэнэт гаргасан шийдвэр мэт харагдах боловч тэр хүлээцтэйгээр энэ мөчийг хүлээж байсан” гэж Лондонд төвтэй “Чатхэм хаус” судалгааны хүрээлэнгийн судлаач Жеймс Никси ярьжээ.

Эцэст нь Путин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп албан ажлаа хүлээн авсны дараа хоёр орны харилцааг дахин сэргээхийг хичээнэ гээд, асуудлын голыг Трамп руу чиглүүлээд орхичихов. Обама явж байгаа, харин ирж буй эрхмийн санаа бодол түүнд илүү чухал. “Трамп түүний талд уу, үгүй юү гэдгийг Путин харзнаад хүлээж байгаа” гэж Жеймс Ники онцлов.

Дональд Трамп дээрх асуудлаар арванхоёрдугаар сарын 30-ны орой жиргэв. Энэ удаад тэр “Маш зөв шийдвэр (Путиных)! Би түүнийг ухаалаг хүн гэдгийг үргэлж мэддэг байсан” гэжээ.

ХҮЙТЭН ДАЙНЫ ШИНЭ ЭХЛЭЛ

Дипломат албаныхныг хөөн гаргах Хүйтэн дайны чимээ дахин цуурайтаж эхэлсэн ч ОХУ-ын үйлдэл өнгөрсөнд биш, ирээдүйд чиглэсэн гэж ажиглагчид үзэж байна. Москва шинэ дүрмээр тоглох сонирхолтой болсон. Эрх мэдэл хэний гарт байна, хэн юуг удирдаж байна, хэн хэнийг сонсож байгаа нь тэдэнд чухал.

Путины хариу үйлдэл бол Обамагийн засаг захиргаанд хаягласан эелдэг хэлбэрийн доромжлол гэж Оросын аналист Жил Дохерти тайлбарлав. “Маш зөв нүүдэл. Энэ бол сонгодог Путины жишээ. Төсөөлөмгүй, үнэхээр хэний ч тооцоолоогүй үйлдэл хийхдээ гаргууд хүн” гэж тэр Путиныг магтав. Товчхондоо шатрын энэ өрөгт Обама “мадлуулжээ” гэж ажиглагчид дүгнэж байна.

ЦАГААН ОРДНЫ ШИЙДВЭР ЦАГАА ОЛСОН УУ?

Трампыг Цагаан ордонд авчрах ганцхан чиг зорилготойгоор хийгдсэн гэх хакер ажиллагааны талаарх Тагнуулын төв газрын мэдэгдлийн дараа Америкийн топ төвшний сенатчид хаалттай хуралдаж, шинэ хориг арга хэмжээ авах шийдэлд хүрчээ. Оросууд хакер ажиллагаа явуулсан гэдгийг нотлох баримт, үндэслэлийг тэд зарлаагүй. Гэхдээ хакерууд олж авсан мэдээллээ олон нийтэд цацахдаа Бүгд найрамдах намынхны и-мэйл хаяг, серверээс хулгайлсан мэдээллийг ил болгоогүй гэнэ. Харин Бүгд найрамдах намын Үндэсний зөвлөл энэ мэдээллийг үгүйсгэж буй бөгөөд тэдний цахим хаягт халдаагүй гэж мэдэгдэж байгаа юм.

“Итгэлтэй л байгаа юм бол яагаад ил гарч ирээд, бүгдийг ил тод хэлж болохгүй байгаа юм? Үүнийг ойлгохгүй байна. Байж боломгүй хэрэг” гэж ирэх дөрвөн жилд Трампын удирдлага дор Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллах Шон Спайсер хэлжээ.

Өнгөн талдаа бол АНУ-ын энэ шинэ хориг нь сонгуулийн үеэрх хакер ажиллагаанд Кремль оролцсон гэх дуулианы эсрэг авч хэрэгжүүлж буй АНУ-ын хариу арга хэмжээ. Гэтэл Обамагийн засаг захиргаа халаагаа өгөх тун дөхсөн энэ үед зайлшгүй ийм арга хэмжээ авах ёстой байсан уу гэдэг өөр асуудал. Үүнийг шинэ засаг захиргаанд зориулан бэлтгэсэн улс төрийн хавх гэж тайлбарлаж бас болно.

Харин Трамп хэдийнээс Путинтай найрсаг харилцаатай байх сонирхолтойгоо нуулгүй явж ирсэн. Удаа дараа Владимир Путиныг “ухаантай, ухаалаг” хэмээн тодотгож байсан Трампын үед л Путин асуудлаа цэгцлэхээр шийдэв бололтой. Михаильд нэг бодол бий…

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж