-Бүргэдчин охин Айшолпан адуу худалдан авахад тусалжээ-
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бичигтийн боомтоор хил давуулах гэсэн адуу өлдөж, улдаж хорогдох болсон талаар шуугиж эхэлсэн. Тиймээс салбарын яамнаас агт морьдыг амьдаар нь хил гаргахыг хориглосон юм. Тэгвэл Бичигт боомтод ачиж очсон адууг Эмээлт орчимд буцаан авчирч, нядлахаар болжээ. Ингэхдээ монгол аргаар бус цохыг нь сүхээр цөм цохин нядалж байгаа нь харсан хүмүүсийн сэтгэлийг өвтгөх болжээ. Тиймээс “Тэнгэрийн чоно” ТББ-ын тэргүүн Б.Болдбаатар тэргүүтэй хэсэг залуус тэдгээр морьдыг худалдан авах санаачлагыг гаргажээ. Оны өмнөхөн 700 мянгаар үнэлж байсан морьдын үнийг нэмж, өнөөдөр очиход нь сая төгрөг болгон өсгөжээ. Аргагүйдсэн залуус саяар авъя гэсэн боловч “Нэг ч адуу зарахгүй” хэмээн амыг нь хаасан байна. Энэ талаар Б.Болдбаатараас тодруулан ярилцлаа.
-Үнэндээ сэтгэл өвдөхгүй байхын аргагүй байна. Нийтдээ 1200 орчим агт ачиж авчирсан байсан. Хороосоор одоо 100 гаруй нь л үлдээд байгаа. Биднийг анх худалдан авах санал тавихад 700 мянгаар ав гэсэн. Найзуудаараа нийлж мөнгө цуглуулсан. Гадаадад амьдардаг найзууд тусалсан. Гурван морийг ч болов эх нутагт нь амьд үлдээе гэсэн сэтгэл өвөрлөн очтол нэг сая төгрөг болгон ханшаа өсгөсөн байсан. Гуйж байж хоёр адууг есөн зуугаар авсан. Өнөөдөр очтол “Нэг ч морь худалдахгүй” гэж байна. Хэдийгээр наана нь монгол залуус байгаа ч цаанаа бол хужаа нар л ийм юм хийгээд байх шиг санагдлаа. Хот хөдөөнөөс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол ахан дүүс минь боломж бололцоогоороо мөнгө явуулж бид одоогоор гурван адуу худалдан аваад байна. Бидэнтэй хэдэн жил хамт байхыг нь бодоод дандаа бага адуу, азарган үрээнүүдийг худалдан авлаа. Сургаад тэмцээн уралдаанд оролцохдоо унаж байя гэж бодож байна. Мөнгө өгсөн хүмүүсийн морьдыг авчихаад монголдоо ирээд унахад нь бэлэн сайхан хүлэг морьдыг нь адгуулж, хариулаад байж байя гэтэл бидэнд дахиад адуу зарахгүй гэнэ.
-Энэ жил мал, махны үнэ хямд байгаа. Гэтэл яагаад тийм өндөр үнээр зарж байгаа юм бол?
-Энэ жилийн хувьд мал, мах хямд байгааг хүн бүхэн мэднэ. Идэшний болон уналгын адуу дээд тал нь 300-400 мянган төгрөг байгаа. Гэтэл урагш нь гаргахдаа үнэ хүргэдэг юм байлгүй. Ямартай ч эхлээд 700 мянган төгрөг гэж байснаа одоо бүр зарахааргүй шийдсэн байна. Мөнгийг нь өгөөд авъя гэхэд өгөхгүй байгаа нь монгол хүний хүлэг морьдоо гэсэн сэтгэлийг мохоох зорилготой байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэд адууг маш муухайгаар бойлж байгаа юм. Монгол хүний сэтгэлд багтамгүй муухайгаар адуу малыг нүдэн дээр махалж байгаад л бид дургүйцээд байгаа хэрэг.
-Танай “Тэнгэрийн чоно” ТББ хэзээ байгуулагдсан бэ. Агт морьдтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг юм уу?
-Манайх байгуулагдаад удаж байгаа. Бид морин харвааны тамирчид байгаа юм. Морины явдал дунд нум сум харвадаг хүмүүс л дээ. Бид үндэсний сур харваагаар хичээллэхээс гадна кинонд орлон тоглодог.
-Бичигтээс авчирсан адуу худалдан авах аяныг хүмүүс их дэмжсэн гэлээ. Ямар ямар хүмүүс туслав?
-Тусалж дэмжихэд их багын ялгаа огт үгүй боломжийнхоо хэрээр хандив өгсөн нүүр номын найз Х. Алтанзулд баярласнаа танай сайтаар дамжуулъя. Мөн анд нөхөддөө туслахаар алс холын Унгар улсаас мөнгө төгрөг илгээсэн эрхэм анд Маналын гэр бүл, түүний гэргий Болороо, охин Энхжин, хүү Мөнхжинд талархаж байна. Монгол Улсын маань баруун хязгаар Баян-Өлгий аймгаас дүү нарынхаа эхлүүлсэн сайхан үйлсийг дэмжихээр мөнгө төгрөг явуулсан Аглаа хэмээн авгайлан дууддаг бүргэдчин ах Нургайв, түүний гэргий Алма эгчдээ, үзэсгэлэнт бүргэдчин охин Айшолпан дүүдээ талархлаа илэрхийлье гэлээ.
Д.ЦЭЭНЭ