Назарбаевын залгамжлагчийг нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Назарбаевын залгамжлагчийг нэрлэжээ

Ерөнхийлөгчийн хүргэн Тимур Кулибаевыг төрийг тэргүүнийг орлох боломжийн хүн гэж  Казахстаны ерөнхийлөгчийн зөвлөх Ермухамет Ертысбаев Оросын  “Коммерсант” сонинд ярьжээ. “Төрийн тэргүүн гэнэтхэн явсантай холбоотой учир байдал үүсвэл Кулибаев л ерөнхийлөгчийн стратегийн курсийг үргэлжлүүлж чадна” гэж Ертысбаев хэлээд Нурсултан Назарбаевын хүргэн “системийн сэтгэлгээтэй, удирдах асар том туршлагатай” хэмээн түүнийг үнэлжээ.

Тимур Кулибаев Назарбаевын дунд охин Динарагийн нөхөр ба түүнийг Казахстанд эртнээс ерөнхийлөгчийн залгамжлагч гэж тооцож иржээ. Тэр яриа нь албан ёсны төвшинд батлагдаагүй. Түүнийг залгамжлагч болно гэдгийн албан бус баталгаа нь төрийн хөрөнгийг захирах “Самрук-Казын” сангийн тэргүүнээр саяхан томилогдсон томилгоо болж байна. Тэр томилгоо нь ерөнхийлөгчийн хүргэний улс төрийн жинг нэмснээс гадна тэр хадам аавынхаа итгэлийг хүлээж чаджээ гэдгийг харуулж байна.

Кулибаевыг “Газпром”-ын захиралуудын зөвлөлд оруулсан нь залгамжлагчийн тухай яриаг бас үүсгэсэн байна. “Тимур Кулибаевыг Казахстаны бизнес элитийн төлөөгчдийн нэг болгоод зогсохгүй түүнд олон улсын төвшинд ажиллаж чадахаар улс төрийн ноцтой тоглогч гэсэн имижийг бий болгохоор төлөвлөсөн нь эндээс харагдаж байна” хэмээн улс төр судлаач Досым Саптаев хэлснийг “Мир” телевиз иш татсан байна.

Назарбаев амралтаараа Германы нэгэн эм­нэ­лгээр орсон нь мэдэгдсэний дараа “төрийн тэргүүн гэнэтхэн явсантай холбоотой онц байдал”  гэсэн хэллэг гарч ирэв. Албан бус мэдээгээр Назарбаев нойр булчирхайн хорт хавдарын мэс засал хийлгэсэн гэнэ. Харин ерөнхийлөгчийн зөвлөх  Ертысбаев “ердийн төлөвлөлт үзлэгт” орсон гэж хэлж байна. Одоо 71 настай Назарбаев 20 гаруй жил улсаа удирдаж байна. Өдгөө тэр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрөв дэх хугацаагаа өнгөрөөж буй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж