“Шонхор”-ууд эвийн сумаа эвдээд эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

“Шонхор”-ууд эвийн сумаа эвдээд эхлэв үү?

УИХ-ын 2016 оны сонгуулиар эрх мэдлээ алдсан Ардчилсан намд дотоод сонгууль ид явагдаж байна. Тус нам шинэ лидерийн эрэлд мордсон бөгөөд энэ сарын 29-нд Ардчилсан намын даргыг тодруулах санал хураалт орон даяар зэрэг явагдах юм.

С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарын таван хүн 240 сая төгрөгийн хандивыг намдаа тушааснаар Ардчилсан намын даргад өрсөлдөх эрхээ албан ёсоор олж авсан бөгөөд сурталчилгаа ид дундаа өрнөж байна.

Ардчилсан намын дотоод сонгуулийг ажиглахад С.Эрдэнийг “Шонхор”-ынхон, Л.Гантөмөрийг “Нэг Ардчилал”-ынхан буюу залуус нь, Н.Алтанхуягийг “Алтангадас”-ынхан, Д.Эрдэнэбатыг МҮДН, Ж.Батзанданг иргэний хөдөлгөөнийхөн балиашиглаж байна.

Хэдийгээр наанаа эвийн таван сумыг гардуулж, эв эеэ хичээхийг захиж суусан З.Энхболд дарга нь ч, тарааж өгсөн таван сумыг нь бэлгэшээж, бэлгэдэж авсан нэр дэвшигчид нь ч гараанаасаа гарав уу үгүй юу, бие биенээ харваад эхэлснийг зарим хэвлэлээрр гарч байгаа мэдээллээс нь харж болохоор. 

Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намын нэр хүндийг шалаар дэвсэж, шавартай нь хутгасан хүмүүс бол З.Энхболд, Х.Баттулга гээд хэлчихэд буруудахгүй биз.

Намыхаа аль өнгөтэй, өөдтэй, нэртэй төртэй яваа бүхнээ барьж аваад, балбаж нүдсэн тэдний  гавъяагаар ч гэх үү, гайгаар ч юм уу Ардчилсан намд бүлээн зүс, бүтэн нэртэй хүн үлдээгүй. Үүнийхээ үр дагаврыг өнөөдөр амсч, өөрсдөө ч гудамжинд “лааз өшиглөж” яваа нь худлаа биш. 

Ардчилсан намынхан даргын сунгаа энэ сарын 28 хүртэл явагдаж, 29-нд шинэ даргаа тодруулна. Тэр хүртэл “Шонхор”-ууд тавьсан нум сумаараа хэнийг “харваж”, хэнийгээ яаж “гэмтээх”-ийг хэлж мэдэхгүй юм.

Гэвч ханцуй дотроо хутга нуугаад бие, бие рүүгээ дайрах юм бол Ардчилсан нам задарсан нь илүү дээр. Чухамдаа шинэ лидерийн эрэлд мордсон Ардчилсан нам мөнгийг нь биш мөрийн хөтөлбөрийг нь сонгоосой гэсэн хүлээлт жирийн гишүүд дэмжигчдийн дунд байгааг хэлэхэд буруудахгүй биз. Тэр тусмаа З.Энхболд дарга эхлээд эвийн сумаа эвдээд эхлэх нь юуны төлөө вэ.

Парламентад 35 суудалтай байсан намаа дөнгөж бүлэг байгуулах хэмжээний есөн суудалтай үлдээсэн хариуцлагаа хүлээж, ядаж л намынхаа шинэчлэлд гавъяа байгуулахгүй юм аа гэхэд гай битгий болоосой. Хэрэв Ардчилсан намын даргаар том биетэй Зи гараад ирвэл “Чонын амнаас барын аманд” гэгч болж магадгүй л юм шүү.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж