”Үндэстний эх”-ийг хөнөөхөөр төлөвлөсөн байжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

”Үндэстний эх”-ийг хөнөөхөөр төлөвлөсөн байжээ

Норвегийн террорист Андерс Брейвик тус оронд “үндэстний эх” гэж нэрлэгдсэн ерөнхий сайд асан Гру Харлем Брунтланныг хөнөөхөөр завдсан тухай Aftenposten сонинд бичжээ.
Брейвик өөрөө мөрдөн байцаалтад ярьснаар баасан гаригийн өглөө Брунтланн Норвегийн Ажилчны намын залуусын лагерьт үг хэлж байх тэр үед Утойя аралд очих гэж байснаа ямар нэгэн шалтгаанаар амжаагүй ба түүний орой тийшээ ирэхэд ерөнхий сайд асан явчихсан байжээ.

Aftenposten сонины бичсэнээр Брунтланн баасан гаригийн өглөөгүүр  11:10-12:40  цагийн хооронд тэнд яриа хийгээд хэдэн цаг болоод явсан гэнэ. Аралд буун дуу анх 17:26 цагт гарсан гэж цагдаагийн мэдээнд өгүүлжээ. Гру Харлем Брунтланн тус орны түүхэнд анхны одоогоор ганцхан эмэгтэй ерөнхий сайд байсан ба 1981, 1986, 1990 онуудад Норвегийн ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байжээ.

Андерс Брейвик нь 2011 оны долдугаар сарын 22-нд Норвегид хийгдсэн хоёр аллагын сэжигтэн юм. Эхнийх нь өнөөгийн ерөнхий сайд Йенс Столтенбергийн өргөөнөөс холгүй хийгдсэн дэлбэрэлт юм. Тэр дэлбэрэлтийн дараа цагдаагийн хувцастай эрэгтэй Утойя арал дээр хүмүүсийг бууджээ. Эдгээр аллагын улмаас 93 хүн амиа алдсан байлаа.

Баривчлагдсаныхаа дараа Брейвик өөрийн гэм бурууг хүлээж, өөрийн үйлдлийг “аймшигтай, гэх­дээ шаардлагатай байсан” гэж хэлжээ. Мөн тэрээр ярихдаа Осло хотын төвд хоёр том дэлбэрэлт үйлдэхээр төлөвлөсөн байснаа, Утойя аралд хөнөөлийн үр дүнг ихэсгэхээр зөөлөн  туглаган сум ашигласан зэргээ байцаалтад ярьсан байв.
Аллагын улмаас хохирсон хүмүүст мэс засал хийсэн эмч нарын яриагаар гэмтлийн шарх нь дум-дум гэх хагас бүрээст сумын хөнөөлийг санагдуулж байжээ.

Террористийн овоо хараанд Меркель байжээ

     
Германы канцлер Ангела Меркель мөн түүнч­лэн Германы социал демократууд, “Ногоонтнууд” ба “Зүүнийхний” төлөөлөгчид Норвегийн террористийн ирээдүйн байнд нэрлэгдсэн байсан тухай DW-WORLD мэдээлсэн байв. Тийм маягийн занал Брейвикийн 1500 хуудастай тунхагт байжээ.

“2083-Европын тусгаар тогтнолын тунхаг”  тунхаглалдаа Брейвик Германы улстөрчдийг “марксистууд”, “амиа хорлогч-хүмүүнлэг үзэлтнүүд”, “капиталист даяарчлагчид” гэж нэрлэсэн байв. Канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози нарын талаар “Зөвхөн Герман, Францын улс төрийн мэдэгдэхүйц өөрчлөлт л тэдэнд довтолгооноос түр зуурын дархлалыг өгч болох юм” хэмээн бичсэн байлаа.

Германы Үндсэн хуулийг хамгаалах холбооны газар (хэт даврагч бүлэглэлийн үйл ажиллагааг мөрдөх тусгай алба) Андерс Брейвикийн Гамбургийн неонацист бүлэглэлийнхэнтэй холбоотой байсан эсэхийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Гамбург ба Скандинавын хэт барууны үзэлтнүүдийн хооронд нягт холбоо эртнээс тогтсон байгаа нь тодорхой болсон байдаг.

Герман жуулчин Утойя арлын 20 хүүхдийг аварчээ

Германы жуулчин 32 настай жуулчин Марсель Глеффе (Marcel Gleffe) алуурчнаас зугтан усанд үсрэн сэлж байсан Норвегийн Утойя арлын 20 хүүхдийг аварсан тухай Spiegel бичжээ.

Глеффе эцэг эхийнхээ хамт уг арлаас холгүй Утвика (Utvika) гэдэг газар байсан кемпид амарч байхдаа буун дуу сонссон гэнэ. Эхлээд жуулчид Утойя аралд ёслолын буудлага, эсвэл ямар нэг сургууль хийж байна хэмээн бодсон ажээ. Глеффе  эцэг эхийнхээ хамт кемпиэс 200 метрийн зайтай хошуунд очсон байна. Хошуунаас Утойягийн эрэг хүртэл 600 метр орчмын зайтай. Тэнд хүрээд уснаас нэг охиныг гаргаж байгаа эрэгтэйг харсан байна. Цаана нь нэг охин тусламж гуйсан харагджээ. Мөн арлаас сэлж буй хүүхдүүдийн толгой усны гадаргад харагдаж байсан гэнэ.

Долоо хоногийн өмнө түрээсэлсэн моторт завийнхаа түлхүүрийг тэр аваад хүүхдүүдийн зүг завьтай очжээ. “Усанд энд тэндгүй хүүхдүүд сэлж байлаа. Би тэдэнд аврах хантааз хаян өгч хүч сулдсан нэгийг нь завиндаа авч байлаа” гэж тэр ярьсан байв.

Марсель Глеффе эргээс ус руу харайн орж байсан хүмүүсийг харсан ба мөн тэр хадан дээр буутай суугаа алуурчинг олж харсан гэнэ. Хожим аврагдсан хүүхдүүд Андерс Беринг Брейвик тэдний араас буудсан гэж ярьжээ.

Глеффе нийтдээ хэд хэдэн удаа эргэн ирж уснаас 20 хүүхдийг гарган авчээ. Утвикт амарч байсан хүмүүс 150 хүүхдийг аварч чадсан байв.

Норвегид хийгдсэн давхар аллагаар наад зах нь 93 хүн амиа алдсан юм. Алуурчин Брейвик хэт бурууны үндсэрхэг үзэлтэн байсан ба гэхдээ тэр эрх баригчдийн мэдэж байгаа хэт барууны ямар нэгэн бүлэглэлд байгаагүй гэнэ. Аллага үйлдэхийнхээ өмнө тэрээр сүлжээнд видео бичлэг байрлуулаад Европыг исламжуулж байгаа ба марксисзмтай тэмцэх тэмцэлд “загалмайтнууд” болохыг хүмүүст уриалсан байлаа.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж