Шведийн хатан хаан Сильвия өөрийнх нь аж төрдөг хааны ордныг сүнстэй гэдэгт итгэдэг хэмээн ярьжээ. Тус улсын SVT телевизийн баримтат кинонд энэ тухай өгүүлсэн байна. Хатан хаан Сильвия “Тэнд бяцхан найзууд… сүнснүүд байдаг. Тэд их нөхөрсөг. Заримдаа би ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Сэтгэл хөдлөм, гэхдээ та нар огтхон ч айхгүй” гэжээ.
ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Шведийн эзэн хааны Дроттнинхольм ордон 1600-аад оны үед Ловон аралд баригдсан бөгөөд Шведийн вант улсын цог жавхлант хаан Карл XVI Густав, хатан хаан Сильвия нарын байнгын оршин суудаг ордон юм.
Өдгөө 73 настай хатан хаан Сильвия нь Германы бизнесмэний охин бөгөөд 40 жилийн өмнө Карл XVI Густавтай гэрлэжээ. Тэрбээр Шведийн вант улсын түүхэнд хатны сэнтийд хамгийн удаан заларсан нэгэн аж.
Хааны эгч Кристина ч мөн Дроттнинхольм ордны сүнсний тухай яриаг ор үндэсгүй зүйл биш гэв. “Эртний байшингууд сүнстэй байдаг тухай түүх яриа их байдаг. Олон зууны туршид олон хүн амьдарч байсан учраас тэдний энерги үлддэг нь гарцаагүй. Дроттнинхольм ордон маш их энергитэй” гэж тэр ярьжээ.
С.ЦЭЛМЭГ