Грек сүүлийн хоёр жил хэд хэдэн үзүүлэлтээрээ Европын холбооны дээд амжилтын номд орлоо гэж болно. 2010 онд Европын холбоо аргагүйн эрхэнд 80 тэрбум еврог (өөр 30 тэрбумыг ОУВС өгсөн) тусламж болгосон анхны улсаар Грек тодров.
Жилийн дотор энэ зээлийн бүх мөнгийг Грек ашигласангүй. Харин 2010 оны хавраас мөнгө хүрэлцээгүй гэсэн цуу зах зээлээр тарах болов. Тэр үеэс л өрийн бүтцийн өөрчлөлт хийх тухай урьдчилсан хэлэлцээр эхэлжээ.
Хэрэв Европын холбоо, Олон улсын валютын сан Грект зах зээлийн бус нөхцөлөөр зээл олгоод байвал тийм зээл авахыг бусад орнууд хүсэх нь мэдээж. Боломж гарч байхад хэн хямд мөнгөнөөс татгалзах билээ. Үүний тулд төсвийн алдагдлаар буулт хийж, улсын хөрөнгийг хувьчлахад яагаад болохгүй гэж.
Үүнээс болоод л Европын холбоо Грект өгөх зээлийн эрсдлээ хувийн хөрөнгө оруулагч нартай хуваалцахыг хүссэн юм. Эцсийн эцэст тэд Европын холбоо нь Грекийг дампууруулахгүй гэж найдаад аюултай (бас орлоготой) грек үнэт цаасанд хөрөнгөө оруулсан юм чинь. Гэхдээ хувийн хөрөнгө оруулагч нарыг аврах ажиллагаанд оруулах нь дефолтод хүргэх байв. Нэг үгээр үнэт цаасаа гаргасан нөхцөлөөрөө зээлдүүлэгч нартай төлбөр хийх чадваргүйгээ зарлана гэсэн хэрэг юм.
Европын бусад орнуудын зүгээс 109 тэрбум евро гаргаж байгаа нь Грект үзүүлэх албан ёсны тусламж болно. Үүнтэй зэрэгцээд хувийн секторын улсыг аврахад үзэх хохирол 2011- 2014 онуудад 37 тэрбум евро, 2011-2019 онуудад 106 тэрбум евро болно гэж үнэлэгдэж байна.
Үр дүнд нь европчууд маш зөөлөн дефолтыг Грект зөвшөөрлөө. Европын холбооны эрхтэн нар энэ үгнээс зайлсхийж байгаа. Үнэн хэрэгтээ бол дефолтын талаар л яригдаж байгаа юм. Грекийн өрийн бүтцийг өөрчлөх хоёр хувилбараас сонгохыг хувийн хөрөнгө оруулагч нарт санал болгов. Нэгдүгээрт, сайн дураараа хурдан хугацааны төлбөртэй үнэт цаасын төлбөрийг 15 эсвэл 30 жил болгох. Хоёрдугаарт нь 2012 онд үнэт цааснаас хагацахдаа түүний үнийн 80 хувийг л авах. Ийм хоёр хувилбарыг тэдэнд тулгажээ.
Наймдугаар сарын сүүлчээс үнэт цаасны солилцоо эхлэн есдүгээр сард дуусах болно гэж нэрээ нууцалсан эх сурвалжаас Reuters мэдээлэв. Тэр нь Европын холбоо аль болох түргэнээр Грекийн өрийг шинэчлээд улс орныг нь техникийн дефолтоос гаргахаар яарсан гэсэн хэрэг юм.
Грекийн өрийн бүтцийн өөрчлөлтийг яаж ч хийсэн зах зээл түүнийг дефолт гэж хүлээн авна гэдгийг бараг бүх чансааны томоохон агентлагууд өмнө нь мэдэгдэж байлаа. Тухайлбал, Standard & Poor’s зургадугаар сарын дундуур Грекийн чансааг дэлхийн хамгийн доод “ССС” хүртэл буулгаж байлаа. “Их гуравын” нэг Fitch агентлаг долдугаар сарын 22-ны өдөр Грекийн чансааг “RD” (от Restricted Default, хязгаарлагдмал дефолт) хүртэл буулгана гэж мэдэгдэв. Эцэст нь Moody’s долдугаар сарын 25-нд Грекийн чансааг “Caa1”-ээс “Ca” хүртэл буулгав. “Са” нь хамгийн дор үзүүлэлт ба түүнээс муу нь энгийн “С” л болно.
Ийм маягаар 2011 онд Грек техникийн дефолтын байдалд орчихсон Евро бүсийн анхны гишүүн болсон бас нэг дээд амжилтын эзэн болов. Евро бүсийн хувьд Грекийн дээд амжилтууд чухал биш, харин энэ хямралаас Европын холбоо ямар сургамж авах вэ гэдэг нь чухал. Одоохондоо Европын эрх баригчид грек түүх давтагдахаас айж, санхүүгийн бүх салбарын өөрчлөлтийг үнэнээсээ хийх ажилд орсон бололтой.
Долдугаар сарын 21-ний яаралтай саммит дээр Европын холбооны орнуудын удирдлага Грект ээлжит тусламж үзүүлэх тал дээр тохиролцоод зогссонгүй санхүүгийн системийнхээ бүхий л өөрчлөлтийг хийхээр болов. Ингээд Европын холбоо дефолтоор айлгаад байсан чансааны агентлагуудын байр суурийг үл анзаарахаар шийдсэн бөгөөд Грекийн асуудлыг шийдэхдээ тэдний чансааг үл тоожээ.
Гэхдээ үүнд гол нь байгаа юм биш. Францын ерөнхийлөгч Николя Саркози тэмдэглэснээр Европ олон улсын валютын сангийн бүс нутгийн ихрийг байгуулах талдаа алхам хийсэн байна. Тэр нь өөрийн ээлжид өрийн хямралд автсан орнуудыг аврах зорилгоор байгуулагдсан Бүх Европын тогтворжуулах сангийн (EFSF, European Financial Stability Facility) бааз дээр бий болох ажээ.
Өөрчлөлт нь сангийн нэрийг солихдоо бус түүний эрх мэдлийн хүрээг өргөжүүлэхэд байгаа. Сан евробүсийн орнуудын үнэт цаасыг хоёр дахь зах зээлээс худалдан авах мөн 3,5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг өгөх эрхтэй болж байна. Үүний зэрэгцээ Португали мэтийн “асуудалтай орнуудын” зээлийн төлөх хугацааг 15-30 жил болгон сунгаж байна. Сан “урьдчилсан цохилт” хийж, хямрал гарах хандлагатай орнуудад мөнгө өгөх эрхтэй болов.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн хэлснээр сангийн өөрчлөлтэй холбоотой Европын хуулиудын өөрчлөлтийг зуны амралтын дараа есдүгээр сарын хоёрдугаар хагаст хийхээр болж байна. Гэсэн хэдий ч шинжээчдийн зүгээс санд тавих асуудлууд одооноос ундарч байна. Жишээ татахад сангийн хөрөнгө ойролцоогоор 220 тэрбум евро (өмнө мэдэгдэж байснаар тэр нь 440 тэрбум байх ёстой авч, 145 тэрбумыг Португали, Ирландад, 73 тэрбумыг Грекийг аврах шинэ төлөвлөгөөндөө зарцуулсан юм) гэж Merrill Lynch тоолоод хэрэв ямар нэгэн хямрал Итали, Испанийг ороолоо гэхэд тэдний үнэт цаасыг хоёр дахь зах зээлээс худалдан авахад 300 тэрбум хэрэгтэй гэсэн байна. Уг холбооны санхүүгийн шинэчлэлийг санаачлагч Герман, Франц хоёр сангийн үндсэн ивээн тэтгэгчид нь болох нь ойлгомжтой ч дутагдсан мөнгийг Европын холбоо хаанаас авах вэ?
Дэлхийн хөрөнгө оруулагчид “грекийн асуудлыг” шийдсэнийг нааштай хүлээн авсан гэж болно. Тэд түүнийг бараг анзааралгүй өнгөрөөлөө гэсэн ч болно. Учир явдал нь тэд бүгд л АНУ-д дефолт гарах уу гэдэгт анхаарч эрс хөдөлгөөнд орохоос болгоомжилж байна. АНУ-д ардчилагч нар бүгд найрамдахчуудтай улсын өрийн лимитийн хязгаарыг дээшлүүлэх тал дээрээ тохиролцоогоо хийж чадахгүй л байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиролцоонд бараг хүрлээ гэж санагдахаар байлаа.
Одоо АНУ-д “дедлайны” цаг тулаад энэ долоо хоногийн эхээр улстөрчдөд тохиролцох хэрэг гараад байна. Наймдугаар сарын 2 гэхэд шаардлагатай бичиг баримтаа бэлтгэсэн байх ёстой. Гэхдээ эцсийн хугацаа гэх наймдугаар сарын 2-ны өдрийг хойшлуулж болно гэсэн тооцоог UBS-ийн шинжээчид тоолсон байв. Наймдугаар сарын 8-10 хүртэл өнөөгийн лимитийн төвшнөөрөө урсгал өрөө төлөх мөнгө АНУ-д байгаа гэнэ.
Гэсэн ч байдал нэлээдгүйгээр мэдрэл хөдөлгөөд байна. АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын улстөрчид хямрал гарахгүй гэдгийг давтан давтан хэлж буй ч зах зээлийн трейдерүүд нь янз бүрийн байдлыг тооцон бэлтгэлтэй байна. Харин ямар байдалд бэлтгэлээ базаахаа хэн хүнгүй нэг л сайн ойлгож өгөхгүй байх шиг. Дэлхийн хамгийн том эдийн засаг, бусад орнуудын нөөцөд зориулан доллар хэвлэж, хамгийн найдвартай үнэт цаас гаргадаг АНУ-д дефолт зарлагдаж магадгүй болно гэж хэдхэн сарын өмнө төсөөлөхөд бэрхтэй байлаа.
The Wall Street Journal сонинд АНУ-д дефолт зарлагдаж магадгүйд хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэд хэдэн шинжээчдийн яриатай сонирхол татахаар өгүүлэл долдугаар сарын 25-нд нийтлэгдсэн байна. Эцсийн дүнд нь биржийн арилжааны гол “драйверүүд” болох хөрөнгө оруулалтын сангууд хүлээх байранд очоод байна. Хэрэв АНУ-д дефолт зарлагдахгүйгээр бүгд нааштайгаар төгслөө гэж үзвэл дэлхийн хөрөнгийн индексүүд дээшлэх нь ойлгомжтой. Тэр үед л трейдерүүд Грект бас ийм байсныг санах байлгүй.