АНУ-ын бүжгийн аварга 17 настай монгол залуу

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын бүжгийн аварга 17 настай монгол залуу

Тэгшжаргалын БУМЧИН. АНУ-ын Сан Францискод амьдардаг 17 настай монгол залуу. АНУ-ын латин бүжгийн аварга. Дэлхийд түгсэн монгол авьяасын бодит нэгэн жишээ.

Т.Бумчингийн бүжгийн хосыг Мишель Клец гэдэг. 17 настай, орос охин. Тэд 2014 оны есдүгээр сараас хослон бүжиглэж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дотор U-21 буюу 21-ээс доош насны ангилалд латин бүжгээр АНУ-ын шилдэг хосууд болж чаджээ. АНУ-ын 2016 оны Үндэсний бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тэд зөвхөн АНУ төдийгүй Европын олон улсаар аялж, олон арван тэмцээнд амжилттай оролцжээ. Тэдний дараагийн зорилго нь дэлхийн аварга гэнэ.

Тэмцээн бүрийн өмнө тэдэнд хийж заншсан нэг зүйл байдаг. Үсээ янзлах… Огцом хурдтай эргэлт, эрч хүчтэй хөдөлгөөн хийх үед задарч, сулрахгүйгээр үсээ янзлахын тулд Т.Бумчин тэмцээн эхлэхээс хэдэн цагийн өмнө угаалгын өрөөнд ороод элдэв янзын үс арчилгааны бүтээгдэхүүн тойруулчихсан зогсож байдаг гэнэ. Харин Мишель бүжгийн талбайд гарахаас дөрвөн цагийн өмнө хэдийнэ биеэ бэлдчихсэн байдаг. “Тэмцээний үеэр хэтэрхий гял цял байх дургүй. Төвөгтэй байдаг юм” хэмээн Мишель ярьжээ. Тэр үсэндээ лак цацаж тогтоогоод, арьсаа бор харагдуулахын тулд тос түрхдэг. Даашинзны хувьд бол ихэвчлэн болор талстан чимэглэлтэйг сонгодог гэнэ.

Т.Бумчин Монголд төрж өссөн, 2011 онд 11 настайдаа АНУ-ын Оаклэндэд нүүж очжээ. Монголд байхдаа л бүжгийн спортоор хичээллэдэг байсан жаахан хүү одоо бол бүхий л цагаа бүжигт зориулдаг болжээ. Завгүй, шаргуу бэлтгэлээс гадна тэр дэлгүүр хэсч явахдаа, хүнсээ цуглуулж явахдаа ч хөл доороо бүжгийн хөдөлгөөн хийсээр явдаг гэнэ. Ерөөс түүний амьдрал бүхэлдээ бүжиг болсон гэж тэр ярьжээ.

Харин Мишель Клец есөн настайдаа гэр бүлийнхний хамт АНУ-д цагаачлан очсон байна. Аав, ээж нь бүжигчин байсан учраас Мишель гурван настайгаа бүжиглэж эхэлжээ.

“Тэд хоёул онцгой авьяастай, хоёул чин сэтгэлээсээ хүсч бүжиглэдэг” гэж Т.Бумчин, Мишель Клец нарын дасгалжуулагч багш Сисилия Жиоваччини ярьжээ. “Тэдний хэв маяг эрс ялгаатай. Бумчин маш нарийн мэдрэмжтэй, хөгжмөө гайхалтай мэдэрч, өөрөөрөө дамжуулж түүнийг илэрхийлэхийг хүсдэг. Харин Мишель мэргэжлийн талаас нь, аливаад дүгнэлт хийж ханддаг. Хамтдаа тэд гайхамшгийг бүтээдэг. Бие биедээ уусан шингэж, хайрын түүх бүтээдэг”.

“Бид яг л нэг гэр бүл шиг байдаг. Ах, дүү хоёр” гэж Т.Бумчин харилцааныхаа тухай ярьжээ. Тэд романтик харилцаатай биш, гэхдээ огт өөр хайр тэдний дунд бий. “Сэтгэл гундуу үед тэр л миний дэргэд байдаг. Нүүрэндээ ямар ч будаггүй, гоёж гоодоогүй байхад бас тэр л хажууд байдаг. Бумчингийн дэргэд байхдаа би маш эмзэг, хэврэгхэн байдаг. Найз нөхдийн хувиар бид хоёр биенээ маш ихээр хайрладаг” гэж Мишель ярьжээ.

Латин бүжигт таван төрлийн стандарт бүжиг багтдаг: ча-ча, самба, румба, пасодобль болоод жайв. Нэг төрөлд 90 секунд зарцуулна. Хамгийн хурдтай, эрч хүчтэй жайв бүжгээр үзүүлбэрээ төгсгөнө. Т.Бумчин, Мишель Клец нарын хувьд жайвыг дэндүү төгс хийдэг гэж нэг бус удаа шүүгчдээр үнэлүүлж байжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж