Солонгост ажиллахын төлөө эх орондоо ”тулалдаж” байна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Солонгост ажиллахын төлөө эх орондоо ”тулалдаж” байна

Өмнөд Солонгос улсад энэ оны тухайд гэрээгээр ажиллах таван мянга гаруй иргэдийг орон даяар өчигдрөөс эхлэн бүртгэж эхэллээ. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст энэ сарын 26-28-ны өдрүүдэд 09:00-18:00  цагийн хооронд бүртгэж байгаа аж. Харь орныг зорьж, дөнгүүр цалинтай ажил хөдөлмөр эрхэлж, одоо байгаа амьдралаа нэг сөөм ч атугай ахиулах гэсэн залуус уг бүртгэл, шалгалтыг бүтэн жил тэсэн ядан хүлээсэн аятай, дараалал гэж тоймгүй. Урдуур орж, гарсан хэн нэгнийг хардаж сэрдсэндээ хэл ам хийх нь ч тэндээс. Баянзүрх дүүргийн хувьд бүртгэл эхлэх өдрийн өмнөх өдөр буюу энэ сарын 25-наас дугаарлан зогсч, хонон өнжсөн гэхэд өчигдөр өглөөний 06 цаг гэхэд л 600 гаруй хүний урт дараалал тахирлаж байв.

Харин үдийн 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн Соёлын төвийн үүдэнд бүртгэлд хамрагдахаар бусад дүүрэгтэй харьцуулахад харьцангуй цөөн буюу  300 гаруй хүний дараалал нэлээд хэл ам, хэрүүл шуугиан ихтэйхэн шиг байлаа. Учир нь тухайн өдрийн өглөөний 09:00 цагт эхэлсэн гэх боловч дүүргийн Халамж үйлчилгээний зургаан ажилтан 13 цаг гэхэд 72 хүн бүртгээд байгаа талаар дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.Алтанцэцэг хэлж байв. Мөн тус дүүрэгт эдгээр 300 гаруй хүнээс дөнгөж 50 нь шалгуур давж, өмнөд Солонгост хөл тавих эрх хуваарилагдсан байгаа талаар тэрээр нуугаагүй. Хэн азтай, одтой нь баярлаж, хэд нь гомдол дүүрэн үлдэх бол доо. Зургаагийн зургаан ажилтан бүтэн дөрвөн цаг болоход нэг нь 12 хүн хүлээж авна гэж үү. Нэг хүний бүртгэл хийхэд бүтэн 20 минут зарцуулж байна гэсэн тооцоолол гарч ирж байгаа биз. Энэ маягаар яст мэлхийн хурдаар урагшлах юм бол 300 хүнээ гурав хоногт багтааж бүртгэнэ гэдэг юу л бол.  Бичиг үсэгт л тайлагдсан хүнд бүртгэл хийх удаж, цаг алдаад байх шаардлагагүй л баймаар даа.

Цагдаагийн хамгаалалт, урт дараалалд зогсох иргэдэд учир байдлаа тайлбарлан байж ороход бүртгүүлэх хоёр иргэн, бүртгэж буй хоёр ажилтнаас бусад нь их л заваар баян байгаа бололтой сийрэг дүр зураг ажиглагдаж байв. Гэтэл гадна талбайд цагдаа, иргэд хоёрын дундах тулаан болохоос наагуур үйл явдал өрнөнө. Олсоор хязгаарлалтын бүс татаж, хянаж, цагдах “хатуу үүрэг”-тэй. Бүртүүлэхээр зогсох залуусын дийлэнх нь 18-25 насны идэрмэг залуус. Хүний нутагт ажиллахын оронд өөрийн эх нутагтаа ажиллах, амьдрах боломж байгаа юм биш үү гэж асуухад толгой сэгсрэх нь олонтаа. Тэдний дийлэнх нь ажилгүй гэх юм билээ.

Хонон өнжин зорилго нэгтээ хаалга сахингаа зарим нэг нь хөзөр тоглож, солонгост очиход ийм, тийм байдаг гэцгээж хэсэг бусаг нь мэдэмхийрцгээнэ. Зарим нь бүүр ядарсан байртай цамцаа нөмрөөд, суудал дээрээ дуг хийж нойр авцгаах янзтай. Харин ШУА-д ажилладаг гэх дээд боловсролтой Б-г бүртгүүлэхээр дугаарлаж байгаад ихэд гайхлаа. Түүнээс яагаад ингэх болсон шалтгааныг нь тодруулахад “28 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Яг одоо бидний авч буй цалин сарын идэх хоол, явах унаанд зарцуулаад дуусч байна. Хураах, өмсөх, зүүх бол холын асуудал. Тиймээс л хэдэн жил хар, бор гэлтгүй ажил харьд хийж, хүүхэд том болохоос өмнө өөрийн гэсэн орон байртай, чадвал амьжиргаа залгуулах хэдэн төгрөг цуглуулах санаатай” гэхээс өөрийг хэлэхийг хүссэнгүй.

Дугаарлан зогсох хэн нэгнийхээ хөлийг амрааж, хоол цай идүүлэх ч энд хориотой. Нэгэнт очерт орсон л бол гарах эрх байхгүй. Гарсан тохиолдолд ямар өчиг, гэрчгүйгээр оруулахгүй гэх цагдаа нарыг залуус царайчилна. Тэд нар ч боломжийг ашиглаад тэдэндээ хөөрхөн томрох шинжтэй. Гэхдээ л цагдаа нар энэ дүүргийн тухайд иргэдэдээ дэндүү хатуурхаж байх шиг. Тухайлбал, хонуутаар дугаарласан дүүдээ хоол залгуулах санаатай ирсэн С гэгч жирэмсэн эмэгтэйг хязгаарлалтын бүс рүү явлаа гэж улаан цайм олон хүний нүдэн дээр  өшиглөөд унагалаа. Хэл ам хийсэн ч гэлээ бүхэл бүтэн хүн тээж яваа эх хүнийг өшиглөх эрхийг цагдаад олгосон юм гэж үү. Цагдаа хүнд аав, ээж, эхнэр, хүүхэд байхгүй юу. Би тэссэнгүй. Төрийн ажлыг залгуулж яваа ч гэлээ өшиглөхөөс бусад арга сүвэгчлэх тэнхээ байсангүй юу гэх асуултад тэрээр хэлэх үгээ ч олсонгүй.

Мөн нийслэлийн хамгийн олон оршин суугчидтай Сонгинохайрхан дүүргийн тухайд бүртгэл ямар­шуухан үргэлжилж байгааг сонирх­лоо. Дүүргийн Халамж үйлчил­гээний хэлтсийн гадна өглөөний 10.00 цагийн үед 700 гаруй иргэд урт дараалал үүсгэн, мөн адил хонуут, өнжүүтээр зогссон гэх юм билээ. Бүртгэлийн байрны гаднах цэнхэр хашааг тойрон хоёр, гурван эгнээ гарган зогссон иргэд орилж, шүгэлдэн их бухимдсан байдалтай шахцалдан зогсч, аль болох хур­дан оруулаач хэмээн орилж байв. Багахан хугацаанд ажиглаж зогсо­ход бүртгүүлэх гэсэн иргэд улам бүр нэмэгдсээр байв. Тэнд нэмэлт хүчээр ирсэн цагдаагийнхан, цагдаа­гийн академийн оюутнууд “Юун наадам, юун цагаан сар. Том баяр ёслолуудаас ч их хүн цугласан байна” гэж гайхацгааж ч байх шиг. Гадаа­дад ажиллахаар явах сонирхол иргэ­дийн дунд ийм л их байгаа бололтой.                
                       
Зарим хүмүүс зальжин зан гаргаж хашаа даван орж байсан боловч харамсалтай нь цагдаа нар албан хүчээр эрэгтэй, эмэгтэй ялгал­гүй түлхэхийг нь түлхэж, бороо­хойгоор ороолгож, зарим нэгийг нь хоёр гурван цагдаа нар өргөж, дамналдуулан хашаа давуулан шидэж байлаа. Тэнд бол үнэндээ цагдаа, иргэд хоорондын маргаан л болж байсан гэхэд хилсдэхгүй.  Уг нь ийм чухал үйл ажиллагаанд хяналт шалгалт, зохион байгуулалт сайн баймаар. Хажууд зогсох хоёр эмэгтэй хоорондоо “15 мянгаар найдвартай оруулж өгөх хүн байна” гэж шивнэлдэж, “дугаар худалдаж авна” гэх мэтийн яриа хөөрөө энд тэнд мэр сэр сонсогдож байв.

Улсын хэмжээнд өчигдөр буюу бүртгэлийн эхний өдрийн 18:00 цагийн байдлаар 2364 хүн бүрт­гүүлжээ. Өнөөдөр, маргааш энэ тоо хэд дахин өснө, түүнийг дагаад бол­сон, болоогүй хэл ам, хэрүүл уруул ч тасрахгүй дэг.

Манай улс 1990-ээд оноос хойш БНСУ-д гэрээгээр ажиллах хүч багагүй нийлүүлсэн. Энэ оны тухайд гурван мянган ажлын байрны санал тавьснаас гадна өнгөрсөн онд шалгалтад тэнцээд өнөөдрийг хүртэл явж чадаагүй хоёр мянга гаруй иргэдийг ажлын байранд зуучлахаар талууд тохиролцоод байгаа аж. Бүрт­гэлийн тоонд хязгаар тавиагүй бөгөөд шалгалтад нэгэнт тэнцээгүй тохиолдолд 30 мянган төгрөгөө ир­гэд буцаан авах боломжгүй гэнэ. Учир нь бүртгэл, шалгалтын зохион бай­гуулалтын зардалд зарцуулдаг гэдгийг холбогдох албаныхан улам­жилж буй.

Нэгэнт л тоо хязгаартай атал энэ олон хүний хөрөнгө мөнгө, цаг хугацаа үрэн байж, урт дараалал үүсгэн, олны хараал идэн байж зо­хион байгуулдаг нь төрийн бас нэгээ­хэн бизнесийн хэлбэр байж болох талтай. Энэ удаагийн ажлын байрны захиалгын хувьд дийлэнх хувь нь хүнд үйлдвэрт ажиллах аж­лын захиалга ирсэн талаар НХХЯ-ны Халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн н.Алтансувд хэлж буй­гаас үзвэл эрүүл чийрэг, бас ч үгүй хэлний тодорхой мэдлэгтэй таван мянган залуус гурван жилийн хугацаатай эх орон, ар гэрээ орхин харь орныг зорих нь ээ. Харьд бус эх орондоо сэтгэл ханамжтай ажиллаж, амьдрах цаг хэзээ юм бол доо.

Д.ДОЛГОР, О.МИЧИДМАА

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж