С.Эрдэнэ Ж.Батзандангаа “балбав”

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ Ж.Батзандангаа “балбав”

Ардчилсан намын даргын сунгаа ид өрнөж байна. Эвтэй байвал хүчтэй хэмээн рекламдаж байсан Ардчилсан намын даргын төлөөх өрсөлдөөн санал хураах өдөр ойртох тусам ширүүсч байна. Хамтдаа 40 хоног явж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа таван нэр дэвшигчид өөд өөдөөсөө харж суугаад бие, бие рүүгээ намын даргынхаа бэлэглэсэн сумаа тавьж эхэлжээ.

Ж.Батзандан гэхэд л хамтдаа явж байгаа С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг шүүмжилж, Ардчилсан намд ахмадууд хэрэггүй, залуу нам болгоно хэмээн попдож яваа бололтой. С.Эрдэнэ энэ үгэнд нь ихэд гомдож, өөдөөс нь харж зогсоод өнөөх Ж.Батзандангаа “балбаж” гарчээ. Тэрбээр “Ардчилсан намд ахмадууд хэрэггүй гэлээ, зарим нэг залуус. Ахмадуудаа яах гээд байгаа юм бэ. Асрамжинд аваачиж өгөх гээд байгаа юм уу. Надад бол асрамжийн газар байгаа. Хэдэн ахмадаа амраадаг. Би их тэвчсэн. Уулзалт болгон дээр ахмад руугаа дайраад. Хэзээ Батзандан Ардчилсан намд хайртай байсан юм бэ. Их хурлын индэр дээрээс Ардчилсан намыг харлуулахаа боль. Иргэний хөдөлгөөний нам байгуулаад талбай дээр орилоод явж байхдаа улс орноо өөрчлөхгүй яасан юм. Би Батзандангаас дутахгүй хашгирч чадна. Батзандангаас дутахгүй попдож чадна. Ж.Батзандан Ардчилсан намаас амь гуйж орж ирээ биз дээ. МАН-ынхантай нийлж Ардчилсан намын нэр хүндээр битгий тоглоод бай" хэмээн омогдсон бичлэг интернэтээр тарж байна.

“Атгасан гар шиг явна” гэсэн Ардчилсан намын даргын сунгаанд оролцогчид ийнхүү ар өврөөсөө нум сумаа харваад эхэлжээ. З.Энхболдын “Шонхор”-т байдаг ах, дүү хоёр Ардчилсан намын даргын төлөө “алалцаад” эхэлснийг харсан хүмүүс  яг үнэндээ бол С.Эрдэнэ, Ж.Батзандан хоёр адилхан хар хэрээ шүү дээ гэлцэж суугаа аж.  Чухамдаа Ж.Батзандан ч, С.Эрдэнэ ч адилхан Ардчилсан намыг муу, муухай харагдуулахад чамгүй хувь нэмэр оруулсан хүмүүс гээд хэлчихвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж