“Халаагуур авмаар байна, гэвч мөнгөгүй”

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

“Халаагуур авмаар байна, гэвч мөнгөгүй”

Жилээс жилд өтгөрч байгаа утааны эсрэг өч, төчнөөн хөрөнгө зарцуулсан ч үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт орж байна.

Олон мянган яндангийн утаа Улаанбаатарыг “бүрхэж”, улаанбаатарчуудын уушиганд SOS зарлаад удаж байгаа юм. Тиймээс Засгийн газраас утаа “үйлдвэрлэгч” яндангийнх тоог цөөлөх зорилгоор гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг тэглэсэн. Ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдол багасна гэж Засгийн газар шийдвэрээ тайлбарлаж буй. Агаарын бохирдлын 60 хувийг гэр хорооллын яндангууд “үйлдвэрлэдэг” аж.

Засгийн газар гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэсэн ч хамгийн гол нь иргэп энэ шийдвэрийг дэмжих хэрэгтэй. Тиймээс цахилгаан халаагуурын эрэлт хэр нэмэгдсэнийг сонирхохоор худалдааны захуудыг зорилоо.

ХАЛААГУУР АВАХ ЧАДАМЖ МУУ БАЙНА

Барилга, гэр ахуйн барааны “100 айл” төвийг зорив.  Тус захад халаагуур хаана үйлдвэрлэсэн бэ гэдгээс хамаараад 90-250 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Сүүлийн өдрүүдэд иргэд халаагуур сонирхож байгаа ч худалдан авалт нэмэгдээгүйг  “Маргад” дэлгүүрт халаагуурын наймаа эрхэлдэг Д.Сүхбаатар хэллээ. Тэрбээр “Гэр хорооллын цахилгааныг хөнгөлсөн учраас халаагуурын эрэлт эрс нэмэгдэх болов уу гэж бодсон. Одоогоор лав нэмэгдсэн зүйлгүй байна. Ганц нэгээрээ ирж үнэ сонирхоно. Гэсэн ч худалдаж авах нь бага” гэлээ.

Халаагуурын хувьд хуурай, усан гээд янз бүр. Хуурай халаагуур хамгийн хямд буюу 90 мянган төгрөгийн үнэтэй  байна. Хямд үнэтэй болохоор иргэд ихэвчлэн хуурай халаагуур авдаг байна. Харин усан халаагуур 110-130 мянган төгрөгийн үнэтэй аж.

“Иргэд хямдыг нь бодоод 90 мянган төгрөгийн хуурай халаагуурыг л авдаг. Мэдээж  тийм ч муу биш л дээ. Гэхдээ өдөр шөнөө тохируулж, сануулдаг үйлдэлтэй халаагуур нь аюулгүй байдлын хувьд илүү найдвартай байдаг. Үүнээс гадна залгуурын хүчин чадлаа тооцож цахилгаан халаагуур авах хэрэгтэй. Квт багатай бол амархан хайлах магадлалтай. Орос халаагуур бол өөрөө автоматаар асч, унтардаг тохируулгатай тул аюулгүй. Усан халаагуурын хувьд  аюул багатай. Гэр хорооллын байшингийн хувьд ихэвчлэн 25-30 м.кв байдаг. Энэ хэмжээнд ажиллах халаагуурыг 90-180 мянган төгрөгийн үнэтэй зарж байгаа” гэлээ.

Тэгвэл  н.Очир дан орос халаагуур худалдаалдаг. Түүний хэлснээр одоогоор халаагуурын худалдан авалт нэмэгдээгүйгэнэ. Долоо хоногтоо 2-3 халаагуур зарж байна. Орос халаагуур нь илүү найдвартай, чанарыг нь дагаж үнэ өндөр байдаг тул иргэд тэр бүр худалдан аваад байдаггүй аж. “Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор сонирхож ирэх хүн байна. Гэхдээ худалдаж авч байгаа юм алга.  Орос халаагуурын хувьд арай үнэтэй. Гэр хорооллын айл 30-150 м.кв байдаг гээд тооцохоор дунджаар 450 мянган төгрөгийн үнэтэй халаагуур шаардлагатай. 50 м.кв хэмжээтэй байшин гэж тооцвол 250 мянган төгрөгийн үнэтэй халаалтын тогоо авна. Дээр нь паар, холболтын систем гээд үнэ нь нэмэгдэнэ” гэв.

БЭЛЭН МӨНГӨГҮЙ ТУЛ ОДООХОНДОО НҮҮРСЭЭ Л ТҮЛЬЕ ДЭЭ

Ингээд нийслэлийн агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсийн нэгээр нэрлэгдэх Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмыг зорив. Тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Жунхаар цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахаар судалгаа хийжээ. Өөрөө тэтгэвэрт, дүү нь группт байдаг. Хөнгөлөлтөд хамрагдахын тулд өдөр, шөнийн тарифт тоолуур тавих, халаагуур авах шаардлагатай болж. “Шөнийн тарифыг тэглэж байгаа нь бидэнд маш их хэрэгтэй. Гэхдээ халаагуур авах бэлэн мөнгөгүй өрх олон бий. Дээрээс нь хоёр тарифт тоолуур авах ёстой гэж сонссон. Тэр нь доод тал нь 80 мянга гэдэг юм билээ. Байшинд бол хоёр халаагуур тавьж байж дулаацах юм байна. Тэтгэврийн зээл авчихсан олон хүн байна. Бэлэн мөнгөгүй учраас хэдий дэмжиж байгаа ч гэсэн ойрын хугацаандаа бол нүүрсээ түлэхээс өөр арга алга” гэв.

13 дугаар хорооны иргэн Ж.Баярын хувьд мөнгөний бололцоо тааруу тул аль болох хямд төсөр халаагуур авахаар шийджээ. Ж.Баяр “Манай энэ хэсэгт утаа тортог гэж тоймгүй. Дээрээс нь бид байнга нүүрс түлээд байхаар утаа яаж буурах билээ. Бид мэдээж нүүрсээ байнга түлээд байя гэж бодохгүй. Тиймээс аль аль талаа бодсон ч тэр халаагуураа худалдаж аваад шөнөөр тавимаар байгаа юм. Доод тал нь 60-90 мянган төгрөгийн үнэтэй байдаг сурагтай. Тэр мөнгөө л яаж ийж байгаад олъё гэж бодож байна. Дээрээс нь тоолуураа бас өөрчлөх хэрэгтэй гэсэн. Тоолуур, халаагуур гээд нийтдээ 200 гаруй мянган төгрөг л яаралтай олох хэрэг гарах нь ээ” гэлээ.

Иргэд цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагдахын тулд заавал хоёр тарифт тоолууртай байх ёстой. Одоогоор 30 орчим мянган өрх тарифт тоолуур авах шаардлагатай байгаа аж. Хоёр тарифт тоолуурыг иргэд аль ч барилгын материалын дэлгүүрээс авч болох гэнэ. Гэхдээ Стандартчилал хэмжилзүйн газраас баталгаажуулсан, туршилтад орсон эсэхийг шалгах хэрэгтэйг зөвлөе.

13 дугаар хорооны иргэн Ш.Лутсайханы хувьд цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Бохирдол багасна, өрхийн санхүүд ч хөнгөлөлттэй тул яваандаа халаагуур авахаар төлөвлөжээ. Гэхдээ гэнэтийн шийдвэр, төлөвлөгөөгүй учраас ойрын хугацаанд халаагуур авч чадаагүй л байгаа гэв.

Иргэн Л.Биндэрьяагийн хувьд ойрын хугацаанд халаагуур авч тавихаар төлөвлөжээ. Тэрбээр “Агаарын бохирдлын хэмжээ тартагтаа туллаа. Эрүүл мэнд ч гэж авах юм алга. Тиймээс өнөө маргаашгүй халаагуур авч, шөнөөр ядаж галлагаагаа зогсоомоор байна. Манайх сардаа нэг портер нүүрсийг 150 мянган төгрөгөөр авч түлдэг. Шөнөөр нүүрс түлэхгүйгээр тэр мөнгөөрөө нэг удаад халаагуур авъя гэж бодож байгаа. Мэдээж санхүүгийн хувьд ч, бохирдол буурахад ч нөлөөлөх болов уу л гэж горьдож байна” гэсэн юм.

ГАЛЫН АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ

Энэ шийдвэр нь онцгой байдлын албаныхныг өндөр хэмжээнд ажиллуулахыг шаардаж байгаа аж. Учир нь үнийг тэглэснээр өрхийн шөнийн хэрэглээ огцом нэмэгдэх, эсвэл шөнөөр халаагуураа аюулгүй байдлыг хангалгүй залгаж гал гаргах эрсдэлтэйг сануулсаар байгаа юм. Цахилгааны хөнгөлөлтийн хугацаа оройн 21.00-ээс өглөөний 06.00 цагийн хооронд байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Тайвандолгор ч аюулгүй байдалд санаа зовниж буйгаа хэлж байлаа. Тэрбээр “Халаагуур залгаад хонох нь маш эрсдэлтэй. Анхаарал болгоомжоо дээд цэгт хүргэхгүй бол унтаж байх хоорондоо гал авалцуулах эрсдэлтэй” хэмээн болгоомжилж буйгаа хэлж байлаа.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани болон бусад холбогдох байгууллагаас ч сануулга гаргажээ.  

  • Хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.

  • Стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

  • Хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байна.

  • Ахуйн хэрэгцээнд орой, шөнийн цагт хэрэглэх цахилгааны сарын дээд хязгаар:

  220В-ийн хэрэглэгч 700 кВт.ц

  380В-ийн хэрэглэгч 1500 кВт.ц байна.

  • Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг даруй шинэчлэх

  • Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байхыг санууллаа.

Б.ЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж