Зарим ЭСЯ-ыг татан буулгахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

Зарим ЭСЯ-ыг татан буулгахыг эсэргүүцэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.01.04/ болж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тухай, Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрөв болгон нэмэгдүүлж байна. Мөн гадаад харилцааны салбарынхны цалин, нийгмийн хангамж тааруугаас хэлний өндөр мэдлэгтэй ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэсчээ. Иймээс Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай гэж үзэн, хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх. Хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааг нь хангах зохицуулалтыг дээрх хуульд тусгажээ.

Хууль батлагдахад хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 мянга орчим ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны зургадугаар сараас хаахаар төлөвлөж байгаа дөрвөн Дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж буй аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацааг дөрвөн жил болгон нэмэгдүүлж байна. Ажлын хариуцлага алдвал яах вэ гэдгийг тодрууллаа.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Ажлын хариуцлага алдсан тохиолдолд шууд чөлөөлнө. Гол нь эндээс томилогдох хугацааг нь дөрвөн жил болгон нэг жилээр нэмэгдүүлж өгч байгаа  юм” гэдгийг тодотголоо.

Мөн хүүхдийн цэцэрлэгийн зардлыг Дипломат төлөөлөгчийн газрынх нь төсөвт суулгаж өгч байгаа нь дараах шалтгаантай холбоотой гэнэ. Тодорхой жишээ татвал, Женев дэх байнгын төлөөлөгчийн газарт Монголоос томилогдоод очиж байгаа нарийн бичгийн даргын сарын цалин 2200 ам.доллар. Гэтэл хүүхдээ цэцэрлэгт өгөхөд сарын төлбөр нь 2000 ам.доллар байдаг. Үүнээс болоод цэцэрлэг нь үнэгүй байдаг газар луу томилогдъё гэх хүсэлт ч гаргадаг байна. Бусад оронд бол энэ салбарынхны цалин нь өндөр төдийгүй хүүхдийнх нь цэцэрлэгийн төлбөрийг Дипломат төлөөлөгчийнх нь газрын төсөвт суулгаж өгөөд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлдэг. Иймээс энэ жишиг рүү орох шаардлагатай гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Засгийн газар дэндүү өрөвдөлтэй хуулийн төсөл оруулж ирлээ. Танилцуулгад байна, 35 хүүхдэд цэцэрлэгийн мөнгө гаргаж ирэхийн тулд зарим Элчин сайдын яам, Консулын газар татан буулгах болж буй юм байна. 300 мянган ам.доллар гаргаж ирэхийн тулд ингэж байгаа юм уу. Үүнийхээ оронд мөнгөө нэмчих л дээ. Ганцхан жижиг төслөөс татгалзахад л хүүхдийн цэцэрлэгийн мөнгө гараад ирнэ.

Латин Америкийг тэр чигээр нь хариуцдаг газраа татан буулгах нь буруу. Японы талаас “Танайх консулын газраа татан буулгах нь буруу. Эргэж харах юм шүү” гээд хэлж байна. Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэггүй юм, Ц.Мөнх-Оргилоо.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Хаана тийм танилцуулга байгаа юм бэ. Л.Болдоо битгий мушгиад бай.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хуулийн төслийг дэмжинэ. Л.Болд ганцаараа гадаад харилцааг мэддэг юм биш. Байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж чиглэл өгөөд Засгийн газраас оруулж ирж байгаа асуудал. Тогтоол гаргаад оруулж ирж байгааг Л.Болд мэдэж л байгаа байлгүй, байнгын хорооны гишүүн хүн.

Ер нь Монголыг гадаадад төлөөлж байгаа дипломатуудын хувьд зөвхөн хүүхдийнх нь асуудал биш цалин, тэтгэвэр нь ямар байдаг билээ, бид бүгд мэднэ. Монголоос хүн яваад очиход өөрсдийнхөө халааснаас мөнгө гаргаад дайлаад явуулах тохиолдол бий. Хүүхдээсээ болоод шаардлагынх нь дагуу ажиллуулах боломжгүй байгаа тохиолдол бий.

Монгол бол маш хүнд нөхцөлдөө ордог. Ганцхан жишээ татъя, Монголоос Хойд Солонгост суулгасан ЭСЯ-ны хүний томилгоо дуусаад эндээс хүн явуулах болоход явах хүн олдохгүй, дахиад нэг жилээр ажиллаач гээд сунгаж байсан тохиолдол бий. Шүүмжлэхийн тулд шүүмжлээд байж таарахгүй.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр: Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангана гэж заасан байдаг. Тийм учраас энэ салбарт эрх зүйн шинэчлэлийг хийж эхлсэн. Гадаад харилцааны тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Дараа нь Дипомат албаны тухай хууль өргөн баригдлаа. Хуулиа боловсронгуй болгох тал дээр ажиллана. Улс төрийн намуудын оролцоог хангаж ирсэн жишгээ үргэлжлүүлээд ажиллана.

Монгол Улсын дипломат алба бол гол бодлого. Аль ч Засгийн газар, УИХ-ын үед нийгмийн асуудлыг анхаарч, төсөв нь нэмэгдэж ирсэн. Ойлголцож, зөвшилцөж шийдэж ирсэн.

Дипломат албанд өндөр босго тавих ёстой. Өнгөрсөн хугацаанд энэ албанд улстөржсөн томилгоо хавтгайрсан, мэргэжлийн үнэлэмж унасан.

Мөн Дипломат паспорт, албан паспортыг цэгцлэх шаардлага байгаа. Боловсон хүчнээ эргэж харах, шаардлагагүй Дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгахаас аргагүй. Хоёр хөрштэй харилцдаг Дипломат төлөөлөгчийн газрууд боловсон хүчний дутагдалд орсон байгаа. Боловсон хүчний чадавхиа дээшлүүлэхэд талд хаа, хаанаа ойлголцоод ажиллаж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна гэсэн юм.

Байнгын хорооны хуралд оролцсон гишүүд хуулийн төслийг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж