УМБГ-ын мөрдөх хэлтэс нэгээр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

УМБГ-ын мөрдөх хэлтэс нэгээр нэмэгдлээ

Улсын мөрдөн байцаах газар шинэ зохион байгуулалт хийж найман тасагтай болжээ. Хуучин долоон мөрдөн байцаах тасагтай байсан бол Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь хоёр хуваагдсан байна. Хар тамхины хэрэг сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлж байсан.

Сүүлийн үед хар тамхины хэргээр Монгол Улсын иргэд гадаад дотоодын хууль хяналтын байгууллагын хаалга татах нь ихэссэн. Хар тамхи зөөх нь рок поп, хип хоп хамтлагийн гишүүдийн  үйлддэг хэрэг гэсэн ойлголттой иргэдийн санааг Байгальмаа гэх эмэгтэй өөрчилсөн. Тэрээр өмнөд хөршид хар тамхи зөөвөрлөсөн хэргээр тус улсад ял эдэлж байгаа. БНХАУ-ын хилээр 2.2 килограм хар тамхи биедээ нуун авч гарахыг завдсан хэрэгт холбогдож, тус улсын Ардын шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Монгол Улсын иргэн Х.Дамдинд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, цаазын ял авч байсан удаатай.

Энэ мэт сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэгт “од”, “мод”-гүй, хөгшин залуугүй холбогдоод байгаа энэ үед Улсын мөрдөн байцаах газар энэ чиглэлийн байцаагчдаар тусгай хэлтэс байгуулан ажиллахаар болжээ. Хар тамхи, хүн худалдаалах гэсэн хоёр шинэ тасгийг шинээр байгуулж, хуучин мөрдөж байсан хэргүүдээ үргэлжлүүлэн шалгаж байгаа. Харин шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг VIII хэлтсийн дарга хошууч генерал Д.Дагвасүрэн хэлж байсан.

Хүн худалдаалахыг завдсан, санаархсан этгээдүүдийг мөрдөх тусгай тасагтай болсноор энэ хэргийг дагнан мөрдөж, таслан зогсоох ажил улам бүр эрчимжих гэнэ. Хүн худалдаалах наймаанд ихэвчлэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд өртдөг. Тэднийг хуурч мэхлэх, ажилд зуучлах, өндөр цалин амлаж гадагш гаргах аргаар хүний наймаанд татан оруулдаг гэнэ.

Өнгөрсөн жил  УМБГ шинэ бүтэц зохион байгуулалтад орж, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэстээ Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх, Хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх тасаг байгуулсан. Харин өнгөрсөн долоо хоногт тус газарт дахин бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, найман хэлтэстэй болжээ. Тус газрын I хэлтэс буюу Дотоод, хяналт шалгалтын хэлтсийн даргаар тус газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаярыг томилсон байна. УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг Хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс болгон шинээр байгуулж, даргаар нь Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байсан хошууч Д.Дагвасүрэнг томилсон байна.

Хүн амины хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ОХУ-ын Дотоод явд лын яамны академийг хэд хоногийн өмнө төгсч ирсэн дэд хурандаа Д.Отгонжаргалыг томилж. УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга асан, дэд хурандаа Э.Идэрцогийг Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга болгосон байна. Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтсийн даргаар дэд хурандаа П.Батбаатарыг, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлсийн дарга, дэд хурандаа Х.Доржсүрэн, Тамгын хэлтсийн дарга, хошууч Б.Батсуурь нарыг хуучин албанд нь үлдээсэн шинэ томилгоог хийжээ. 

Ш.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж