Алуурчин ОХУ-ын Элчин сайдыг судалж байжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

Алуурчин ОХУ-ын Элчин сайдыг судалж байжээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд Туркийн Анкарад ОХУ-ын Элчин сайдыг буудан амийг нь хөнөөсөн алуурчин Мевлют Мерт Алтынташ хэдэн сарын өмнөөс Элчин сайдын талаар судалж байжээ хэмээн Туркийн Anadolu агентлаг мэдээлсэнийг оросын НТВ суваг дамжууллаа.

Мөрдөгчдийн олж тогтоосноор өмнө нь цагдаагийн ажилтан байсан Мевлют Мерт Алтынташ аравдугаар сараас хойш Элчин сайд Андрей Карловын талаарх мэдээллийг интернэтээс хайн уншиж байжээ. Ингэхдээ алуурчин хамт амьдарч байсан хүнийхээ компьютерийг ашиглаж байсан байна.

Одоо мөрдөгчид Мевлют Мерт Алтынташ сүүлийн саруудад хэн хэнтэй уулзаж байсныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

ОХУ-аас Турк улсад сууж байсан Элчин сайд 62 настай Андрей Карловыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Анкарад гэрэл зургийн үзэсгэлэнг нээн үг хэлж байхад нь ар нуруу руу нь буудан амийг нь хөнөөсөн юм. Алуурчин бие хамгаалагчийн дүрд хувиран албаны хувцастайгаар үзэсгэлэнгийн танхим руу нэвтэрсэн байжээ. Алуурчныг Туркийн тусгай албаныхан буудан хороосон.

Туркийн хууль хяналтынхан хэргийг мөрдөж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдуулан есөн хүнийг баривчлан саатуулаад байна. Алуурчин ганцаараа хэргийг хийгээгүй гэдгийг өмнө нь бас мэдэгдсэн.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж