“Адидас”-тай муммиг удахгүй олонд дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

“Адидас”-тай муммиг удахгүй олонд дэлгэнэ

1500 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн иж бүрэн олдвор Ховд аймгаас олдсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Олдворын гутал нь спортын “Адидас” брэндийн гурван зураастай төстэй байснаас энэ олдвор “Адидастай мумми” хэмээн алдаршсан билээ. Олдворыг сэргээн засварлах ажлыг Соёлын өвийн төвд 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хийж байгаа юм. Сэргээн засварлалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас найман сая төгрөгийг зарцуулсан байна. Одоогоор сэргээн засварлах ажил 80 хувьтай байгаа гэлээ.

Ирэх гуравдугаар сард сэргээн засварласан олдворыг Үндэсний  музейд дэлгэн олон нийтийн хүртээл болгох юм. Энэ талаар Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат “Урьдчилсан байдлаар Түрэгийн үеийн залуу эмэгтэйн шарил гэж таамаглаж байгаа. Гол нь хадгалалт маш сайтай, эвдэгдэж сүйдэгдээгүй, иж бүрэн гэдгээрээ өмнөх олдворуудаас онцлог юм. Сэргээн засварлалтыг дуусаад үзэсгэлэн гаргах ажлыг Үндэсний музейтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.

Мөн энэ олдворыг 7-8 дугаар зууны үеийнх хэмээн таамаглаж байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Туркийн олон улсын хамтын ажиллагааны “Тика” байгууллагын шугамаар сэргээн засварлалтын судлаачид ирж, дээж авч шинжилжээ. Уг шинжилгээний дүнд 10 дугаар зуунтай холбогдоно гэх хариу гарсан байна.

Энэ талаар Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат “Олдворын хувьд эсгийгээр битүү ороосон, юу нь мэдэгдэхгүй олон эд зүйл дагалдсаныг бид нэг бүрчлэн салгаж цэвэрлээд, сэргээн засварлалтын ажил даавуу зөөлөн эдлэл дээр хийж байна. Мөн морины эмээл хазаар, тоногийг тусад нь сэргээн засварлаж байгаа. Анх ерөнхий тоогоор 30 орчим олдвор гэж байсан бол сэргээн засварлалтын явцад хувцас дотроос нь таньж мэдэгдэхгүй нэгдмэл зүйлүүд их гарч ирсэн. Дотроос нь өвлийн, даавуун, арьсан гээд төрөл бүрийн дээл, хэрэгсэл гарч олдвор улам баялаг болж байна. Анх гарсан хувцас хунар дотор тоохуу маягийн гутал байсан. Баруун аймгийн үндэстнүүдийн өмсдөг тоохуу маягийн гуталтай, тэрэн дээр нь одоогийн “Адидас” гуталны бэлгэ тэмдэгтэй ойролцоо хээ байсан. Түүнээс үүдээд л сошиал ертөнцөөр “Адидас”-тай мумми олдлоо, цаг хугацаагаар аялагчийг илрүүллээ гэх мэтээр хэт туйлширсан, ташаа мэдээллээр шуугиж эхэлсэн. Ерөнхийд нь харахад тухайн үеийн угсаатны эдлэл хэрэглэл, хээ хуараар л чимэглэсэн гутал байгаа юм” гэлээ.

Олдворыг сэргээн засварлаж, үзэсгэлэнд дэлгэсний дараа Ховд аймгийн музейд шилжүүлэх юм байна. Гол нь орон нутгийн музейн хадгалалт хамгаалалтын орчин тааруу байдаг нь санаа зовоож буй хэмээн соёлын өвийн төвийн Соёлын өвийг хамгаалах сэргээн засах хэлтсийн дарга Д.Нямдорж хэллээ. Тэрбээр “Хадгалалт хамгаалалтын орчин санаа зовоож байна. Сэргээн засварлаад музей руу буцаадаг. Зарим талаар орон байрны асуудал, хадгалах нөхцөл сайнгүй байдаг. Орон нутгийн засаг захиргаа анхаарал тавина гэж найдаж байна” гэсэн юм.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж