Д.Лхагвадоржийнх нь Чингэлтэй дүүрэг 13 хороонд буюу Хайлааст руу өгсөх замын дагуух хашаа байшинд амьдардаг. Тэдний байшингийн хэмжээ 68 метр квадрат гэнэ. Байшин нь хоёр хаалгатай. Баруун талынханд нь Д.Лхагвадоржийнх, харин баруун талын байшинд хүүгийнх нь амьдардаг. Байшингаа халаахын тулд тэднийхэн өвөлд дунджаар 600 мянгаас нэг сая орчим төгрөгийн нүүрс түлдэг аж. Хүүгийнх нь төслийн “Өлзий” зуухтай, аавынх нь ханын пийшинтэй. Хоёр өрхийн сарын цахилгааны төлбөр 25-40 мянган төгрөгийн хооронд гардаг байна.
Улаанбаатарын утаа гамшигийн хэмжээнд хүрсэн. Тиймээс Засгийн газраас утааг багасгах зорилгоор гэр хорооолын цахилгааны төлбөрийг 21.00-06.00 цагийн хооронд тэглэхээр болсон. Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, өнөөдөр /2017.01.05/ Д.Лхагвадоржийнд хотын захиргаанаас хоёр сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий цахилгаан халаагуурыг үнэгүй өглөө. ХБНГУ-д үйлдвэрлэсэн уг цахилгаан халаагуур 220 кВт-оор ажилладаг. Шөнө нь тогонд залгаад хоноход тухайн өдрийнхөө дулааныг барих ч боломжтой гэнэ. Мөн дээр нь хоол хийх ширмэнтэй. Тэгэхээр байшингаа халаах эсвэл хоол хийхийн тулд Лхагвадоржийнхийг гал түлэх хэрэггүй болж байна.
Нөгөө талаар үнэгүй халаагууртай болсныхоо хариуд Д.Лхагвадорж цахилгаан халаагуураа бусдад сурталчлах хариуцлага хүлээжээ. Тэрбээр, цахилгаанчин мэргэжилтэй. Тиймээс цахилгаан халаагуурыг яаж хэрэглэхээ сайн мэднэ гэж хорооных нь үзэж, өндөр өртөгтэй халаагуурыг ийнхүү үнэгүй өгсөн байна.
Д.Лхагвадоржийнхоос гадна тус дүүрэгт амьдрах бас нэгэн айлд үнэгүй цахилгаан халаагуур бэлэглэсэн байна. Тухайн халаагуур нь дээрээ ширэмгүй, зөвхөн дулаанаа барих зориулалтай. Үнийн хувьд ч Д.Лхагвадоржийнхоос арай хямд аж.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Г.Бурангийнх шинэ он гарснаас хойш шөнөдөө хоёр халаагуур залгаж хонодог болжээ. Эднийх өвөлдөө 500.000-1.000.000 төгрөгөөр нүүрс авч түлдэг. Өмнө нь өглөө, орой, шөнөдөө галладаг байжээ. Тэгвэл шөнийн цахилгааныг тэглэснээс хойш өдөрт хоёр удаа галлах болсноо ярилаа. Харин тус хорооны иргэн Г.Цогтбаатарынх нүүрсээ түлж байгаа гэнэ. Учир нь тэднийх ямар цахилгаан халуугаар хаанаас хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ мэдэхгүй, нөгөө талаар халаагуур худалдан авах мөнгөгүй байгаагаа хэллээ.
Улаанбаатарын утааг арилгахаар шөнийн цахилгааны үнийг төр даахаар болсон ч хоёр сая төгрөг гаргаад зориулалтын цахилгаан халаагуур худалдан авах чадалтай айл гэр хороололд олон биш. Тиймээс нийслэл, Засгийн газар хамтран цахилгаан халаагуур худалдан авахад иргэдэд ямар хөнгөлөлт үзүүлж болохыг яаралтай судлахаар боллоо. Энэ ажлын хүрээнд цахилгаан халаагуур оруулж ирдэг, үйлдвэрлэдэг компаниудтай хамтарч, барааг нь татвараас чөлөөлөх боломж байгаа эсэхийг судлах гэнэ.
Богино хугацаанд гэр хорооллын 146 мянган өрхийг цахилгаан халаагуураар хангахгүй бол иргэд нүүрсээ түлсээр байх болно. Иргэд нүүрсээ түлсэн хэвээр байвал Засгийн газар гэр хорооллын цахилгааны үнийг тэглээд нэмэргүй. Утаа бахь байдгаараа байна гэсэн үг. Одоогийн байдлаар
Толгойт, Баянхошууны агаар маш их бохирдолтой
Нисэх, Баруун дөрвөн зам, Зурагтын орчмын агаар дунд зэргийн бохирдолтой
Бөхийн өргөө, 100 айл, Амгалан орчимд агаар бага зэргийн бохирдолтой
Мишээл экспо орчимд агаар цэвэр байна.
Зураглаач Э.ЭНХБАТ