"Олимпизмийг аврах хөдөлгөөн" ТББ-аас өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийв.
Тэд “2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Монголын Олимпийн Чуулганы 2012 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай "Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүдийг батлах тухай" тогтоолыг хүчингүй болгохоор тогтов” гэсэн шийдвэр гарсан. Тиймээс МҮОХ-ны эрх барих дээд байгууллага болох “Олимпийн чуулган” дүрмийн бус шийдвэр гаргасан. МҮОХ нийт 92 гишүүнтэй. Олимпийн Хартид зааснаар гишүүдийн 50-иас илүү хувь нь Олимпийн спортын холбоод байх ёстой. Гэтэл одоогийн байдлаар гишүүдийн ердөө 25 нь буюу 27 хувь нь олимпод ордог спортын төрлийн холбоод байна. Бид шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Олон улсын олимпийн хороо болон харилцагч төрийн болон хувийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэхээр бэлдэж байна” гэж мэдэгдэв.
"Олимпизмийг аврах хөдөлгөөн" ТББ-ын гүйцэтгэх захирлаар Ч.Бат-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүнээр Н.Баярсайхан, Н.Тамир нар ажилладаг аж.
Б.ЭНХ