Эрдэнэт хотын гэрэлтүүлгийг цагийн хуваарийн дагуу шөнийн 01 цагаас өглөөний 6 цаг хүртэл унтраадаг. Тэгвэл оройн цагаар тардаг, ээлжээс буудаг иргэдээс санал хүсэлт ирсэнтэй холбоотойгоор гэрэлтүүлгийг 02 цагаас унтрааж байхаар болсон байна.
Өвлийн цагийн хуваарийн дагуу хотын гэрэлтүүлэг нь шөнийн 01 цагаас өглөөний 6 цагийн хооронд унтарч байна. Эрдэнэт ус компаниас иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 1-р сарын 3 өдрөөс эхлэн гудамжны гэрэлтүүлгийг шөнийн 2 цагаас өглөөний 6 хүртэл унтрааж байхаар болжээ.
Орхон аймгийн хэмжээнд 8000 гаруй гэрэлтүүлэг байдаг бөгөөд тус компаниас цаг улирлын байдлыг харгалзан үзэж гэрэлтүүлгийн асалтын цагийг өөрчлөн тохируулдаг.
Аймаг жилдээ гэрэлтүүлгийн асаалтын зардалд 200-300 гаруй сая төгрөг зарцуулдаг юм байна. Энэ утгаараа шөнийн цагаар гэрэлтүүлгийг тодорхой хугацаанд унтрааж зөв тохируулга хийх нь тодорхой хэмжээнд зардал хэмнэхэд нөлөөлдөг ач холбогдолтой ажээ.
Мөн иргэдээс цахилгаан шат оройн цагаар ажиллахгүй яаралтай тохиолдолд хүндрэл учирч байна гэх санал ирсэн байна. иймээс 3-аас дээш давхарт амьдарч байгаа иргэдээс цахилгаан шатыг 24 цагаар ажиллуулах талаар санал авч байгааг хэллээ.
Өнөөгийн байдлаар орон сууцны 23 байр цахилгаан шаттай байна.Санал асуулгад оролцсон иргэдийн 60 орчим хувь нь ажиллуулахыг зөвшөөрсөн тохиолдолд цахилгаан шатыг 24 цагийн ажиллагаатай байлгах туршилтын ажлууд хийгдэж байгаа хэмээн Эрдэнэт –Ус ДТС ОНӨХК-ийн ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN