“Нарны гүүр”-ийн ажил 60 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

“Нарны гүүр”-ийн ажил 60 хувьтай байна

2011 оны 5-р сарын 14. Замын хажуу талын моддыг тайрч, тээврийн товчоог хэдэн цэнхэр хашаагаар “бүсэлжээ”. “Нарны гүүр” буюу бидний хэлж заншсанаар Тээврийн товчоог Хан-Уул дүүргийн “Цагаан хаалга”-ны чиглэлтэй холбох гүүрний ажил явагдаж байгаа нь энэ. Хүмүүс энэ тэрүүгээр ажил хийн гүйлдэх боловч нөгөө урт гүүрний бараа харагдах нь үгүй. “Барилгын ажил дөнгөж эхний шатандаа явж байгаа” гэх албаны хүний яриаг сонсвол ойлгож болох ч барилгын ажил эхлээд хэдийнэ жилийн нүүрийг үзсэн учир бас замхарчих вий гэсэн бодол олны дунд байсан нь лавтай.

Харин энэ мөчөөс хойш хоёр са­рын хугацаа өнгөрөхөд байдал арай өөр болжээ. Гүүр барьж байгаа нь мэдэг­дэхгүй шахам байсан энэ газар аль хэ­дий­нэ төмөр арматурууд босч, том, том багана газар тулан дүнхийх. Нүсэр өргөгч цамхгууд энд тэнд нь гарч том бетонуудыг нааш, цааш нь зөөнө. Япон, Монгол нийлсэн барилгын ажилчдын дуу, барилга барих чимээтэй хоршин тэр хавиар цуурайтна. “Нарны гүүр”-ийн ажил хэдийнэ эхэлжээ. “JFE” гэсэн таних тэмдэг бүхий цэнхэр өмсгөлтэй барилгачид гүүрийг асфальтах эхний давхаргын ажлыг дахин шалгаж байв. Тухайн ажлын явц ямар буйг хоёр Мон­гол барилгачин шалгах. Цаана нь Япон ажилтнууд гүүрийг барих их аж­лаа үргэлжлүүлж байв. Тэнд ажиллаж байгаа ажилчдын яриаг сонсвол өдөр шө­нө ялгалгүй гүүрийг барьж байсан гэх.

Барилгын ажилд сүүлийн хэд хоног орж байгаа бороо нөлөөлөөгүй гэнэ. Учир нь гүүрийг нэгэнт арматурыг нь зангидаад босгочихсон учир борооны нөлөөлөл бага байсан ажээ. Харин гүүрний дээгүүр асфальтах эхний давхаргын ажилд бага хэмжээгээр нөлөөлсөн гэх. “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн удирдагч Б.Мандатын хэлснээр гүүр барих ажил 60 хувьтай байгаа ажээ. Энэ чигээрээ үргэлжилбэл, барилга төлөвлөсөн хугацаандаа буюу 2012 онд ашиглалтанд орох бололцоотой болж байгаа юм.

Уртаашаа 895 метр, 19,5 метр өргөн, хоёр талдаа тус бүр 1,5 метрийн өргөн явган хүний зам бүхий “Нарны гүүр”-ийг Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгаа билээ. Шинээр баригдаж байгаа тус гүүр нь хөдөлгөөний дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай, хүнд даацын машин явах боломжтой, 30-аас 55 метрийн алгасал бүхий металл дам нуруутай байх аж. Уг гүүрийг барихад Японы тал 3,7 тэрбум иений хөрөнгө оруулалт хийсэн байна. Ажлын гүйцэтгэгчээр Японы барилгын “JFE” компани ажиллаж байгаа юм. Тус компани нь дэлхийд чансаагаараа эхний тавд ордог бөгөөд дэлхийн ихэнх улсуудад төмөр хийцийн байгууламж, техник, төмрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг ажээ. Мөн Энэтхэгийн хамгийн том төмрийн экспортлогч юм.

Харин шинэ гүүрийг барих барилгын ажлын зөвлөхөөр Японы “CTI” компани ажиллаж байгаа ажээ. Яагаад Япон компаниар хийлгэж байгааг лавлавал Японы засгийн газар 100 хувь хөрөнгө оруулж байгаа учир барилгын ажил болоод хяналтыг Японы компани хийхээр гэрээнд тусгасан байна. Харин Монголын талаас “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн баг бүхэлд нь хяналт тавьж ажиллаж байгаа ажээ. Барилгын ажилд Монголын талаас 100 барилгачин ажиллаж байгаа гэх. Одоогийн байдлаар Гурвалжингийн гүүрний ачаалал маш их бөгөөд энэ нь тэр хавийн замыг түгжрэлд оруулаад байгаа гол эх үүсвэр нь ажээ. Харин “Нарны гүүр” ашиглалтад орсноор Гурвалжингийн гүүрний ачаалал багасч, замын түгжрэл 50 хувь буурах аж. Гүүр ашиглалтад орсны дараа өдөрт 30-аас 50 мянган машин явж өнгөрөх ажээ.

Ийнхүү Улаанбаатар хотын замын ачааллыг мэдэгдэхүйцээр багасгах нүсэр их ажил ид дундаа явж байна. Монголчуудын хийдэг зам, гүүрийн ажилтай харьцуулах ч юмгүй. Харин бид зөвхөн хүлээх л үлдлээ.

Гүүрний ажил 60 хувьтай байгаа, төлөвлөгөөний дагуу
2012 онд ашиглалтад орно

“Нарны гүүр” буюу бидний хэлж заншсанаар Тээврийн товчоог Хан-Уул дүүргийн “Цагаан хаалга”-ны чиглэлтэй холбох гүүрний ажлын явц ямар байгаа болон зарим асуултад “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн удирдагч Б.Мандатаас хариулт авлаа.

-Одоогийн байдлаар барилгын ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Барилгын ажил төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Бид барилгын ажлыг хэсэгчилж хийж байгаа. Арматурын ажил тэдий хугацаанд, гүүрний болон замын хучлагын ажил тэдий хугацаанд гэх мэтчилэнгээр явж байгаа юм. Нийт энэ гүүр чинь 895 метр урт болохоор хийх ажил их бий. Ерөнхийдөө 60 гаран хувьтай явж байна. 2012 онд ашиглалтад орох хугацаандаа л ашиглалтад орно

-Гүүрний ажилд цаг агаарын байдал хэр зэрэг нөлөөлсөн бэ, та бүхний ажил саатав уу?

-Гүүрний ажилд бол их нөлөөлсөн юм байхгүй. Харин замыг асфальтах, хучих ажилд бага зэрэг нөлөөлсөн юм бий.

-Японы талаас хөрөнгө мөнгөө өгөөгүй удаасан зүйл байгаа юу?

-Тийм юм байхгүй ээ. Бүгд л гэрээний дагуу явж байгаа. Нийт Японы засгийн газар 3,7 тэрбум иений хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Японы тал гэрээнд заасаан хугацаагаараа хөрөнгөө хуваарилна. Манай тал ч мөн адил жил, жилээр мөнгөө төлөөд явах үүрэгтэй.

-Барилгын ажлыг зөвхөн Япончууд хийж байгаа юу?

-Японы засгийн газрын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг хийж байгаа учраас гүйцэтгэгч байгууллага нь Японы компани байх ёстой. Харин манай байгууллага барилгын ажилд ерөнхий хяналтыг тавиад ажиллаж байгаа. Мөн зуу гаруй монгол  ажилтнаар гүүрийн барилгын ажил хийлгэж байгаа.

 Б.БОЛОРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж