Шинэ жилийн баяраар Истанбулын шөнийн клубт халдлага үйлдсэн хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр сэжигтнийг Туркийн албаны хүмүүс тус хотын Ататурк нисэх буудлаас саатуулжээ. Тэд хоёул гадаадын иргэн бөгөөд чухам аль улсын иргэншилтэй болохыг мэдээлсэнгүй. Хэргийг мөрдөн шалгах явцад нийт 16 хүнийг сэжигтнээр татаж, саатуулаад байгаа юм. Гэхдээ Туркийн хууль хяналтын байгууллагынхан 39 хүнийг буудаж хөнөөсөн гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлсээр байна.
Туркийн эрх баригчид үүнийг террорист халдлага хэмээн зарлаж, халдлага үйлдсэн этгээд ганцаараа байсан гэж таамаглаж байгаа ажээ. Халдлагыг Исламын улс бүлэглэл зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн юм.
С.ЦЭЛМЭГ